Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын санаачлагаар “Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ.
Төслийн зорилго нь монголын сонгодог уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүдийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монголын үзэгчдэдээ тэр гайхалтай дэлхийн хэмжээний бүтээлүүдийг мэдрүүлэхэд оршиж байгаа ажээ. Тус төслийнхөө нээлт болгож монголын нэрт хөгжмийн зохиолч Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээр “Монгол сонгодог” цуврал-I талархлын концертоо ирэх сарын 01-нд Тусгаар тогтнолын ордны концертын их танхимд хийхээр болсон юм.
Концертод урилгаар Монголын сонгодог урлагийн төлөөлөл болсон Ардын жүжигчин А.Долгор, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Улсын филармоны гоцлол дуучин Д.Отгонжаргал нар оролцох ажээ. Түүнчлэн тоглолтын хөг аялгууг эгшиглүүлэхээр Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал, Удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр, Морин хуурын чуулгын хөгжимчид удирдаач Д.Түвшинсайхан нар оролцох гэнэ. Тоглолтын тасалбарыг “Тусгаар тогтнолын ордон”-ы билетийн кассаар худалдаалаад эхэлжээ.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )