ХУД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр 120 мянгатын зүүн талд, автобусны буудлын хажуу дахь 9000 м.кв хэмжээ бүхий газрын маргаан эцэслэн шийдвэрлэгджээ.
Хоёр жил гаруйн өмнө буюу 2010 оны хавар уг газарт “Алтай констракшн” компани хашаа тойруулан хатгаж, цөөн хэдэн модыг нь ум хумгүй огтолж, барилга барих ажлаа эхэлж байсан юм. Уг газрыг тухайн үед Улаанбаатар хотын ерөнхий менежер байсан Г.Мөнхбаярын зөвшөөрлийн дагуу олгосон байдаг. 120 мянгатын оршин суугчид хашаа хатгасан даруйд эсэргүүцэж, гурав хоног тэмцсэний үр дүнд хотын дарга уг зөвшөөрлөө цуцалсан. Ийн газрын зөвшөөрлийг нь цуцалсан даруйд “Алтай констракшн” ХХК хотын даргыг шүүхэд өгсөн юм. Анхан шатны шүүхийн шийдвэр барилгын компанийн талд гарсан бол давж заалдах шатны шүүх уг маргааныг иргэд, оршин суугчдын талд шийдвэрлэж байжээ. Өнгөрсөн зургаадугаар сарын 19-ний өдөр дээд шүүхэд уг хэргийг шүүн хэлэлцэж тус компани нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр барилга барих нь хуульд нийцэхгүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх иргэдийн тав тухтай орчин, амьд явах баталгааг хангахын төлөө шийдвэрээ гаргасан. Гэвч уг шийвдэр гарч Шүүхийн шийвдэр гүйцэтгэх ерөнхий газарт очсон ч “Алтай констракшн” компанийн хураасан хашаа, пост зэрэг нь байсаар байв. Харин эцсийн байдлаар өнөөдөр маргаан шийдвэрлэгдэж иргэд газраа авч үлдсэндээ баяртай байгаагаа илэрхийлж байгаа юм. Уг газар нь Хан-Уул дүүрэгт үлдсэн цорын ганц ногоон байгууламж байв. Ирэх хавраас тус газарт “Шинэ Хан-Уул” нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулах болсон байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )