ОХУ-ын “Роснефть” компани Монголд нийлүүлж буй шатахууны үнээ дахин нэмэх болсон учир Монголын нефьт импортлогчид шатахууны үнээ нэмж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Хойд хөршийн Тавантолгойн төсөл, төмөр зам барих асуудал, онгоцны түлшинд монополь тогтоох, Улаанбаатарт 100 ширхэг шатахуун түгээх станц барих хүсэлтэд Монголчууд татгалзсан. Төд удалгүй Монголын бензин шатахууны гол нийлүүлэгч “Роснефть” компани бензин шатахууны үнээ 49 ам.доллараар дахин нэмэхээ мэдэгдлээ.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ унаж байгаа хэдий ч “Роснефть” компани Монголд зориулж үнэ нэмж байгаа нь зах зээл дээрх худалдаж байгаа нөхцөлтэй хамаагүй, тэдний хүсэлтийг хүлээж аваагүйн төлөөх хариу гэж ойлгогдохуйц байна. Нөгөө талаар “Роснефть” компани АИ-92 бензинийг стандартын шатахуун биш гэж үзсэн учир ОХУ нефтийн үйлдвэрүүддээ техникийн шинэчлэл хийж буйн улмаас дотооддоо АИ-92 бензиний хомсдолд оржээ.
Өнгөрсөн сард Роснефть-“-ээс нийлүүлсэн АИ-92 бензиний нэг тонн нь 44 ам.доллар хүрэхэд Монгол улс үнээ нэмэлгүй алдагдлаа үүрч ажилласан аж. Мөн Наушки өртөөгөөр орж ирсэн АИ-92 бензиний үнэ өмнөх сард нэг тонн 1345 ам.доллараар орж ирж байсан бол энэ сараас 1394 ам.доллар болж, тонн тутамдаа 49 ам.доллараар нэмэгдэж, 3.6 хувиар өсчээ. Холбогдох хүмүүсийн мэдээлж буйгаар шатахуун литр тутамдаа бараг 200 төгрөгөөр нэмэгдэж орж ирж буй тул үнэ нь өсөх ажээ.
“Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хямдарч байгаа. Манай нефьт импортлогчид нийлүүлэгч компаниа бусад орнуудад зарж байгаа шигээ Монголд хямд зарахыг шаардах үүрэгтэй. Шатахуун түгээх станцуудаар олон нийтэд зардаг шатахуун бол нийт шатахууны худалдааны 40 хувийг эзэлдэг. Иймд Засгийн газрын зүгээс жижиглэнгийн шатахууны үнийг нэмүүлэхгүй байх тал дээр санаа тавьж байгаа” хэмээн Уул уурхайн сайд Д.Ганхуяг ярилаа.
Энэ бүх нөхцөл байдлаас үүдэн ШТС-уудын зарим нь үнээ нэмэхээр болжээ.Тухайлбал “НИК” ХХК ойрын өдрүүдэд буюу ирэх долоо хоногоос нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг 200-230 төгрөгөөр нэмэх болсон байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )