Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филрамонийн 40 жилийн ойн энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд Филармоний уран бүтээлчид энэ сард дөрвөн тоглолт хийхээр бэлтгэл ажил хангагджээ. Тодруулбал жазз хөгжимд дуртай үзэгчид энэ сарын 5-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын их танхимд “Баянмонгол” чуулгын тоглолтыг үзэж, жазз хэмнэлийг мэдрэх боломжтой. Тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн шагналт МУУГЗ З.Сүхбаатар ажиллаж байгаа бөгөөд тоглолтод АЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Д.Энхзул, Voice хамтлаг, Шуранхай хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа, Б.Номин-Эрдэнэ, дуучин Т.Амина, Ц.Хулан, П.Бат-Ундрах, Б.Цэдвээ, Н.Наранбаатар нар оролцох юм.
Харин энэ сарын 6-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд Симфони оркестрын сонгодог аялгууг сонсох боломжтой. Тоглолтод Солонгосын удирдаач оролцох гэнэ. Харин Монголын талаас Улсын Филармонийн уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Б.Бүтэнбаяр, Б.Батбаатар нар оролцож сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдийг амилуулах юм. Энэ үеэр утсан хөгжимтэй оркестр тоглох юм байна.
Саяхан 20 жилийн ойн тоглолтуудаараа үзэгчдийг шуугиулсан “Морин хуурын чуулга” Улсын филармонийн 40 жилийн ойд зориулан энэ сарын 7-нд Соёлын төв өргөөнөө дахин тоглох гэж байна. Хэрвээ дээрх тоглолтыг нэг өдөр үзэхийг хүсвэл энэ сарын 9-нд нэгдсэн хүндэтгэлийн гала тоглолт болох ажээ. Уншигч та бүхэн дээрх дөрвөн тоглолтыг багцын үнээр буюу 60,000 төгрөгөөр үзэх боломжтой юм билээ.
Дашрамд дурьдахад БНМАУ-ын Соёлын Яамны 1957 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 118 тоот тушаалаар Монголын Радио Хорооны дэргэд Симфони найрал хөгжим байгуулагдсанаар Улсын филармонийн үндсэн суурь тавигдаж, улмаар БНМАУ-ын Сайд нарийн зөвлөлийн 1972 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 283 тоот тогтоолоор Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны “Баян Монгол” жазз найрал хөгжим, Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулга, “Соёл-Эрдэнэ” дуу хөгжмийн хамтлагийг нэгтгэн Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын санаачлагаар Улсын Филармонийг байгуулсан юм.
Улсын Филармони одоогоор Симфони найрал хөгжим, “Баян Монгол” жазз найрал хөгжим, “Морин Хуурын” чуулга зэрэг хамтлагууд ажиллаж байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )