“Мансуурал, донтолтын эсрэг үндэсний хороо” байгуулах тухай санал хүргүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29

Өнөөдөр “Хэвлэлийн хүрээлэн”-д Нийслэлийн наркологийн эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, архидалтын эсрэг “Итгэл-Эх” ТББ хамтран Ерөнхий сайдын дэргэд “Мансуурал, донтолтын эсрэг үндэсний хороо” байгуулах саналын бичиг хүргүүлэх гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. 

Уг саналыг олон улсын мэргэжлийн эмнэлгүүд, ТББ, холбоодууд хамтран хүргүүлж байгаа юм байна. Тэдний хэлж буйгаар “ТББ-ууд мөнгө, эрх мэдлээр хүчин мөхөсдөж байна. Архины хор хохирлын тухай сургалт, сурталчилгаа явуулаад үр дүнд хүрэхгүй байгаа. Архинд донтох гэдэг бол зөвхөн бие эрхтний өвчин биш. Биед төдийгүй сэтгэцэд нөлөөлж байдаг хор хөнөөлтэй” гэлээ. Иймд үндэсний хэмжээнд арга хэмжээ авч, эрх мэдэл, хууль, төр засгийн хэмжээнд арга хэмжээ авах хэрэгтэй байна гэлээ. Учир нь ТББ-ууд архинд донтсон хүмүүст сургалт лекц явуулж, эмнэлгүүд аль хэдийнэ донтчихсон хүмүүст эмчилгээ хийдэг ч үр дүн харагдахгүй байгаа нь зангидсан нэг түвшинд ажиллахгүй байгааг харуулж байгаа юм. Тэд үр дүн нь гарахгүй байгааг дараах жишээгээр тайлбарласан. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд автомашиныг дугаараар нь нэг өдөр явуулахгүй захирамж гарахад хүссэн ч, эс хүссэн ч хэрэгжиж үр дүн нь харагдаад эхэлж байна. Гэтэл цөөн хэдэн ТББ боломжоороо архидалтын эсрэг сургалт, сурталчилгаа явуулаад үр дүнд хүрэхгүй байгаа нь төрийн бодлого, мөнгө, эрх мэдэл дутагдаж байгааг илэрхийлж байна гэв.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu