Хөвсгөл нутгаас гаралтай залуу дуучин Д.Найдандорж хэмээх шавилхан залууг уншигч, сонсогчид багагүй мэдэх болсон байх. Анх “Сэтгэлийн нандин” хэмээх дуугаар олонд танигдаж байсан тэрбээр саяхан Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч З.Хангалын аялгуу, яруу найрагч Ш.Цэрэндэндэвийн шүлэг “Эхийн сэтгэл”, мөн СТА Ж.Жаргалсайханы ая, яруу найрагч Б.Мягмаржавын шүлэг “Ээжийн цэнхэр нутаг” хэмээх хуучны сайхан дуунуудыг шинэчлэн дуулсан бөгөөд клипэнд нь ээжийнхээ хамт тоглосон гэнэ лээ. Сургуулиа төгсөөд ганцхан жил болж байгаа ч урын сандаа арав гаруй дуу, дөрвөн ч клиптэй болоод амжжээ. Үеийнхэн дундаа хөдөлмөрч, хичээнгүй гэдгээрээ онцгойрдог Д.Найдандорж багаасаа л хүсэн мөрөөдөж явсан, дуучин хэмээх алдрыг зүүгээд ид шидийг нь харуулахаар өөрийн бүхий л хүчийг зориулж яваа залуу уран бүтээлч. Хийж буй уран бүтээлээрээ сэтгэлийн таашаал эдлүүлэхүйц, сайхан бүхнийг шингээхийг зорьдог дуучин залуу маань шинэ цомог гаргах гээд тун ч завгүй яваа гэнэ. Дуулахаас гадна спортод сонирхолтой тэрбээр сагсан бөмбөгөөр бол ямар ч аавын хүүгээс дутахгүй гэдэг шүү. Авъяаслаг, спортлог Д.Найдандорж маань одоогоор найз охингүй бөгөөд гэр бүл зохиох талаар ойрын төлөвлөгөө байхгүй гэнэ лээ. “Нэгэнт л урлагт зүтгэнэ байр сууриа олно гэж мэрийж байгаа хэрэг юу билээ. Эхлээд амжилтанд хүрээд дараа нь ар амьдралаа бодсон нь дээр шүү дээ” хэмээн хэвлүүхэн ярих нь үнэхээр л өнөө цагийн элдэвтэй залуусын бодол гэлтэй. Уран бүтээлч хүнд хамгийн их шаардлагатай зүйл бол мэдээж мөнгө санхүү Д.Найдандорж энэ тал дээр харин ч санаа зовдоггүй нэгэн бололтой. Түүнд нутгийн ах дүүс, хамаатан садан гээд олон хүн дэмжиж тусладаг гэнэ лээ.


Сэтгэгдэл ( 0 )