Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг хүүхдийн уран бүтээл хийгээд тун завгүй явна. Тэрбээр нийтийн болон мэргэжлийн дуу олныг төрүүлж хүүхдийн дуунаасаа нэг хэсэг завсардаад байсан билээ. Түүний зохиосон хүүхдийн дуунаас сонирхуулбал “Ээждээ би үнэтэй”, “Миний сайхан эмээ” зэргийг нэрлэж болно. Харин одоогоор хүүхдийн зохиолч Г.Ганболдтой хамтарч хэд хэдэн дуунд ажиллаж байгаа гэсэн. Өөрөө хэлэхдээ “Би багш болохоор ирээдүй болсон хүүхдүүддээ зориулж ахмад болон эх орны сэдэвтэй уран бүтээл хийх гэж байгаа. Дээхнэ урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Галмандах багш ийм сэдэвтэй олон уран бүтээл туурвисан. Сүүлийн үед дутмаг болж байна. Тиймээс би хүүхдийн уран бүтээл рүү орж байгаа юм” гэв. Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сарын эхээр жил бүр Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулдаг оны шилдэг хөгжмийн бүтээл шалгаруулдаг “Морин хуур” наадамд эх орны сэдэвтэй бүтээлээр өрсөлдөх гэж байгаагаа дуулгасан. Шүлгийг нь түүний гэр бүлийн хүн яруу найрагч Л.Гаваасүрэн бичсэн гэнэ. Дуучнаараа ЦЕГ-ын “Сүлд” чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатарыг сонгожээ.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )