2012 оны УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэн энэ өдөр УИХ-ын шинэчлэгдсэн цахим хуудсын нээлт мөн давхцлаа. Парламентын тэргүүн З.Энхболд энэ арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ “ Хууль тогтоох үйл ажиллагааг иргэд, сонгогчдод ил тод, нээлттэй болгоход мэдээллийн технологийн ололтуудыг ашиглах, олон нийтийн сайтуудаар дамжуулан мэдээллийг шуурхай түгээх боломжийг бүрдүүлэх зорилгоор УИХ-ын албан ёсны http://www.parliament.mn цахим хуудсыг шинэчлэн нийтийн хүртээл болгож байна. Үндсэн энэ сайтаас гадна УИХ-ын бүх гишүүний нэрээр 76 вэб сайт ажиллаж парламентын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан Цахим засаглал, Цахим парламентын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Ингэснээр УИХ нь төрийн бусад байгууллагаас хамгийн нээлттэй нь байх болно” гэлээ.
Шинэ цахим хуудсын нээлтэд УИХ-ын даргын зөвлөх Д.Ганзориг, УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн мөн оролцсон.
1996 онд УИХ-ын анхны цахим хуудас ажиллаж эхэлсэн бол өнөөдөр нээлтээ хийж буй цахим хуудас нь шинэчлэгдсэн 5 дахь хувилбар юм. Энэ шинэчлэлийн хүрээнд УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын албан хэрэгцээнд ашиглагддаг интранетийн системийг шинэчлэх, цахим шуудангийн лицензтэй программ хангамж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс дотоод мессенжерийн программ нэвтрүүлэх зэрэг багц ажлууд хийгдэж байна.
УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтсийн ахлах реферэнт Ж.Элбэгзаяа шинэчлэгдсэн цахим хуудсын талаар танилцуулахдаа “УИХ-ын Байнгын хороод, УИХ-ын гишүүд, Тамгын газрын хэлтэс, албад тус бүрдээ parliament.mn гэсэн домайн хаягтай цахим хуудас ажиллуулах боломжийг бүрдүүлж байгаагаараа шинэчлэлтийн гол онцлого” гэж байсан. Өөрөөр хэлбэл, http://www.parliament.mn, http://open.parliament.mn гэсэн 2 үндсэн сайтаас гадна УИХ-ын гишүүний нэртэй цахим хуудас зэрэгтэй нийлээд 100-гаад вэб сайт ажиллаж УИХ-ын үйл ажиллагааг өргөн хүрээнд нээлттэй болгож байна. Цаашдаа ipad, iphone зэрэг хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд зориулсан Apple Appstore болон Google Market дээр application программууд тавигдаж хэрэглэгчид татаж авах боломжтой болно
Сэтгэгдэл ( 0 )