Төр, түмний мөнгийг хумслагчдад ял нь зөөлдөж байна уу

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 25

Манай улсад төрөөс төрсөн тэрбумтан, түмний мөнгийг идсэн тэрбумтан гээд олон төрлийн тэрбумтан байна. Тэдний сонсох ял нь халаасны хулгайч нарынхаас нэг их ялгаагүй. Түмний мөнгийг идсэн тэрбумтан нь арван жилийн ял авлаа гэж бодоход өршөөлийн хуульд хамрагдаж ялаа 7-8 жил болгоно. Улмаар шоронд сайн ажилласан, томоотой байсан гэх нэрийдлээр ялынхаа талыг эдлээд гардаг. Тэгвэл халаасны хулгайч нар ийм хэмжээний ялыг эхний удаад авна, харин давтан бол ял нь хүндрээд ирнэ. Гэвч халаасны хулгайч, төр, түмний мөнгийг идсэн хулгайч хоёр дахин хэрэг үйлддэг бөгөөд бүх нийтийг хохироосоор л байдаг. Яагаад гэвэл ял нь зөөлддөг болохоор тэр.

Энэ бүхнийг зогсооход хулгайч нарыг хашрааж, алдсан хүний зовлонг өөрсдөд нь мэдрүүлэх арга хэрэглэх нь зүйтэй. Тухайлбал хөрш улсуудад бол дахиж хэрэг хийхээргүй болтол нь залхаан цээрлүүлдэг. Хятадад хулгай хийсэн хүмүүсийн хумсыг авах, хурууны нэг үеийг тасдах, улмаар бүх нийтийн шившиг болгох гэх мэтээр олон аргаар шийтгэнэ. Хойд хөршид бол хулгай, хүчин үйлдсэн хүмүүсийг “хүнд гар”-уудтай хамт хорьдог. Ингээд "хүнд гарууд"-аас алганы амт, амьдралын ухаан, авах гээхийн учир гээчийг яс мах, бүүр чөмгөндөө тултал ойлгож дахин хэрэг хийхээргүй болтлоо хүмүүждэг юм билээ.

Манай улсад дээрх аргуудыг зэрэг хэрэглэмээр санагддаг. Бие сэтгэлээрээ ял эдлэж, хашрахаас наана буруу үйлээ давтсаар л байна. Тиймээс ийм аргыг нэг хэрэглээд үзэхэд яадаг юм...

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top