Ганц жил эгшиглэсэн Монгол попыг Төр соёрхжээ, харин...

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 09

Тусгаар тогтнолын баяраар олон хүмүүс  хөдөлмөрөө үнэлүүлэн шагнал гардлаа.  Жүжигчин М.Цолмонбаатар МУ-ын гавьяат жүжигчин ,  УДБЭТ-ын дуучин Ө.Уянга “Алтан гадас” одон, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай СТА болсон бол   Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд Төрийн соёрхол хүртэв. Залуу уран бүтээлчийн хийсэн бүтээснийг  үнэлж, хойшид  ихийг хийх  урам өгч,  Төрийн соёрхол хүртээсэнд хоёр гараа өргөн дэмжмээр санагдана. Оройтсон ч гэсэн Монгол поп урсгалыг гаргаж, Төрийн ордонд тоглолтоо хийн,   олны анхаарлын төвд орж чадсан “Супер стар”-уудын нэг бол дуучин  “Камертон”-ы Болд. Тэрээр  арван таван жил хайр дуулсан, сүүлийн нэг жил Монгол хэмээх зургаан үсгээр гоёж,  өвөг дээдсийнхээ үр хойчдоо үлдээсэн  дуун хадгийг  орчин цагийн хөгжимтэй хослуулан Монгол попыг эх барин авсан.  Түүний сүүлийн нэг жилийн хөдөлмөрийг түлхүү үнэлж, бусдаас ялгарч чадсан онцлогийг нь  анзаарсан  Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид баяр хүргэе.

Монгол попыг санаачилж, Морин хуурыг “муруй хазгай”  ч гэсэн барьснаараа тэрээр яах аргагүй нийгмийн том зүтгэлтэн мөн.  Түүнийг яагаад ийм хэмжээнд үнэлэв гэж гайхаж байгаа хүн олон биз. Тэнгэрлэг Монголын  үр хойч болсон  залууст “Би чинь Монгол хүн, дэлхийд нэрээ гаргасан хөх толботын үр үндэс,  бид л эх орон, элгэн саднаа гэхгүй юм бол” гэсэн  мессежийг  хаяснаараа түүний гавьяа оршино.  Ер нь шагнал гэдэг зандрахаас илүү хэцүү зүйл. Муухай загнаснаас ичтэл нь магтах хэрэгтэй гэдэг үг ч бий. Сайхан загнуулаад,  ойлголцохоор  хүний  дотор онгойгоод гардаг бол муухай шагнуулсан хүн насан туршдаа буруу замаар будаа тээх үе ч бас бий.

Насаараа урлагт зүтгэж СТА цол тэмдгээс  хэтрэхгүй явсаар энэ хорвоог орхисон  уран бүтээлч байхад,  гавьяат гэсэн шагналыг зүүгээд төдхөн шагналдаа бялууран урлагийн алтан тайзыг орхигсод цөөнгүй. Ер нь үе үеийн  төр засгийн удирдагч  нарт  аливаа шагналыг хийгээд юу ч гарахгүй болсон үед нь   шарилын цэцэг шиг нэр төдий өгдөг  таагүй  уламжлал    бий. Харин ардчилсан  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед шагнал нүдээ олоод л  байх шиг. Дуучин Болдод өгсөн Төрийн соёрхол  ганцхан түүнийг биш Монголын залуу үед өгсөн шагнал  буй заа. Гавьяатын тэмдгийг  үнэгүйдүүлсэн өнөө цагт дуучин Болдыг МУ-ын гавьяат жүжигчин болгосон бол  тэрээр Т.Баясгалан, С.Жавхлан нарын араас орох байсан биз.  Гуч дөнгөж гарч буй залуу насандаа Төрийн соёрхол хүртсэн Д.Болд ч мундаг юм, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч ухаантай юм.

Гэхдээ энд нэг санах юм байна.  Аливаа шагнал эзнээ олохгүй төөрөх тохиолдол бас байнаа.   Тусгаар тогтнолын баярыг угтаж “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах 100 долларын такстай “Би Монгол хүн” цомгийн нээлтээ “I-loft function house”-д  хийж,  тэнд цугласан хүмүүс  Монголоо гэсэн омгорхлыг тээж нэгэн үдшийг доргио өнгөрөөлөө. 250 хүний суудалтай “I-loft function house”-д 600 гаруй хүн цуглаж, хөл гишгих зайгүй пиг дүүрэн байсан.  Тэнд ёстой хаан ч нь байлаа, харц нь ч байлаа. Нарантуул захын наймаачин эхнэр нөхөр хоёр,төрийн албан хаагч, урлагийн алдартан гээд зүсэн зүйлийн хүмүүс цуглаж “Хар сарнай”-гийн Амараатай хамтдаа   дуулж,бүжиглэж нэгэн үдшийг гайхалтай өнгөрөөсөн. Эх оронч үзэл санааг, үндэсний суртал ухуулгыг уран бүтээлээрээ дамжуулан хойч үедээ өвлүүлэхээр, зөвхөн Монголоо  гэсэн омгорхолоор залуусын цөсийг хөөргөж чаддаг энэ дуунуудын төлөө Амармандах 19 жил хөдөлмөрлөжээ. Түүний энэ олон жилийн хөдөлмөр өнөөг хүртэл төдийлөн үнэлэгдээгүй.  Монголд эстрад урлаг үүссэнээс хойш дөчин жил өнгөрчээ. Түүний тэн хагасыг нь бичилцсэн  “Хар сарнай” хамтлаг байгуулагдсаны 20 жилийн ой  хойтон жил тохиох гэж буй.  Монгол төрийн зүгээс Зууны манлай бүжиг дэглээч төрийн соёрхолт Сэвжидийн Сүхбаатарын Амармандахын хорин жилийн хөдөлмөрийг үнэлж   сая Болдод өгсөн Төрийн соёрхлоор  шагнах аваас  эх орноо, элгэн саднаа, Монголоо гэсэн үндэсний үзлийг давхар шагнасан хэрэг болох биз ээ. Ингэх аваас  Монголын залуусын тархинд, хойч үед маань Хөх Толботын удам гэдгээрээ бахархах сэтгэл  үлдэх бөлгөө.  Монгол поп нэг жил эгшиглэсэн, “Хар сарнай”-гийн Амараа 19 жил үндэсний үзэл суртлыг дуугаараа дамжуулан залууст хүргэсэн.  Аль аль нь Монголоо гэсэн сэтгэлтэй урлагийн хөвгүүд.  Шагнал нүдээ олох шиг сайхан юм юу байхав.

Ерөнхийлөгчийн маань хараа тэнүүн, төрийн нуруу түвшин байх болтугай.

 Г.Оюун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top