Хүүхдийн салбарынхан шудрага, ёс зүйтэй, авилгаас ангид ажиллана

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 09

 Хүүхдийн салбарт ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх, хүүхдэд ээлтэй байх бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэдээллийг хүргэж, хүүхдийн байгууллагын удирдлагууд албан ёсны байр сууриа илэрхийлэх гэж байна.

Жил бүрийн 12-р сарын 9-ний өдөр Авлигын эсрэг олон улсын өдөр байдаг бөгөөд энэ жилийн тухайд Төрийн албаны зөвлөлөөс “Ёс зүй, хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан хүүхдийн салбар авлигаас ангид салбар байхын төлөө тууштай тэмцэн ажиллаж буйгаа батлан албан ёсоор мэдэгдэл хийх гэж байна.

Хүүхдийн салбар үндэсний болон орон нутгийнхаа хэмжээнд төрийн захиргааны болон үйлчилгээний нийт 500 гаруй ажилтан, ажиллагсадтай бөгөөд салбарынхаа хэмжээнд шударга, ёс зүйтэй, хариуцлагатай байдлыг төлөвшүүлж, хүүхдэд ээлтэй байгууллагын орчинг бүрдүүлэн ажиллахыг гол зорилгоо болгон дэвшүүлж байгаа юм.

Тийм ч учраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар хүүхдийн салбарын удирдах ажилтны сургалт, семинарыг “Шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, хүүхдэд ээлтэй байгууллагыг төлөвшүүлэхийн төлөө” сэдвээр 2011 оны 12-р сарын 9-10-ны хооронд зохион байгуулж, эдгээр асуудлуудыг хамтран хэлэлцэх гэж байна.

Ингэснээр хүүхэдтэй ажиллаж буй нийт ажилтнууд ёс зүйг эрхэмлэж, энэ нь хойч ирээдүй болсон хүүхэд, өсвөр үеийнхэнд үлгэр дуурайлал болж, тэдний хүмүүжил төлөвшилд ч тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top