Хаана байна? тэр ардчилал

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 09

1989 оны 12-р сард эхэлсэн Ардчилсан хувьсгал ялснаас хойш 22 жил өнгөрчээ. Ардчилсан хувьсгалаар монгол оронд юу авчирсан бэ гэдгийг асууж, дүгнэх хангалттай хугацаа болжээ. Харамсалтай нь үүнийг хэн ч асуусангүй. Энэ өдрүүдэд Ардчилсан хувьсгалын 22 жилийн ойн баяр тохиож байна. АН-аас энэ өдрийг тохиолдуулсан “Цэнхэр хивсний ёслол” зохион байгуулжээ.“Цэнхэр хивсний ёслол” дээрээ ардчилсан хувьсгалыг хийхийн төлөө тэмцэж байсан ахмадууддаа “Ардчилсан намын дээд шагнал болох “Чингисийн одон” гардуулсан байна.
“Цэнхэр хивсний ёслол” дээрээ Ардчилсан Намын удирдлагууд илтгэл тавьж, мэндчилгээ дэвшүүлсэн. Ардчилсан хувьсгалыг Ардчилсан нам өмчлөх хандлагатай байдгийг хэлэхэд илүүдэхгүй. Угтаа бол Ардчилал гэдэг бол хүн төрөлхтний хүсэн хүлээдэг засаглал.Ардчилал бол монголын ард түмний үнэт зүйл, зорилго байх учиртай. 1989 оны өвөл Сүхбаатарын талбай дээр хонхны дуу анх удаа цуйраатаж монгол оронд 70 жил үргэлжилсэн хар дарсан зүүднээс нь сэрээсэн хэмээн ардчилагчид сурталчилж, ухуулдаг. Гэхдээ үнэхээр монгол орон тэр үед үнэхээр ардчилагчдийн яриад байгаатай адил хар дарсан зүүд шиг зовлонт амьдралаар амьдарч байсан уу гэдгийг асуух хэрэгтэй. Бас үүнд сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр, уурлаж бухимдалгүйгээр, сайлж, муулалгүйгээр  үнэн бодитоор хариулах хэрэгтэй. 22 жилийн өмнө монголчуудын амьдрал ямар байсныг 40-өөс дээш насныхан сайн мэдэж байгаа.
Гэхдээ энд би ардчилал гэдэг хүн төрөлхтний үнэт зүйлийг муулж, социализмыг санагалзан магтан дуулхыг зорьсонгүй. “Хаана байна тэр диваажин” гэдэг шиг “Хаана байна тэр ардчилал” хэмээн асуумаар санагддаг юм. Монголд тэр ардчилал орж ирсэн юм уу?

Бид зөвхөн л ардчилал, эрх чөлөө хэмээн хоосон үгээр 22 жил амьдараад байгаа юм биз дээ гэсэн эргэлзээ төрж байна. Үүнийг дүгнэх цаг нь иржээ. Ардчилал гэдэг чинь төр нь ард түмнээ дээдэлж, ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллана л гэсэн үг шүү дээ. Ардчилсан нийгэмд хүмүүс бүгд чөлөөтэй, тэнцүү бас хоорондоо ахан дүү адил амьдрах ёстой. Ардчилсан нийгэмд хүмүүс амьдралын наад захын хэрэгцээт зүйлс болох идэх хоол, өмсөх хувцас, дулаан орон байраа гачигдан зовох ёсгүй. Цаашлаад эрүүл хүнс, цэвэр агаар, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломжоор хангагдах ёстой. Энэ бол жинхэнэ ардчилал.
Гэтэл энэ 22 жид юу хийснээ, ололт юу байв, алдаа юу байв гэдгээ хэлэлцэн шүүн тунгаахийн оронд нөгөө хоосон магтаал, агаарын юмаа ярьсаар байгаад харамсалтай байна. Ардчилсан намын дарга, Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Ардчилсан хувьсгалын ойн баярт зориулж “Дэлхийд данстай Монголын ардчилал” нэртэй илтгэлдээ “Монгол орны ардчилал эрийн цээнд хүрч эх дэлхийн олон улс гүрнээс эхний эгнээнд жагсаж байна. Алдаа оноо, баяр гуниг, дурсамж, түүх олонтой, хийж бүтээх, хэлж учирлах өрнүүн их зорилготой өнөөдрийн Ардчилал Азид тэргүүн эгнээнд явж олон оронд үлгэр жишээ нь болж байна” хэмээгээд Киргиз, Минмар зэрэг улсууд монгол шиг ардчилалтай орон болхийн төлөө явж байгаа хэмээжээ.
Бид өөрсдийгөө яаж ч хөөрхөж болно. Ардчиллын үлгэр жишээ орон, дэлхийн хамгийн ардчилалтай орон ч гэх юмуу эсвэл ардчилал монголоос эхлэлтэй ч гэж бурж болно. Гэхдээ хэн хожих юм. Хэн ч хожихгүй. Бид нар л хохирно шүү дээ.
Ардчилал гэдэг зөвхөн бидний амнаас гардаг үг, сонгуулийн уриа лоозон биш. Харин хүмүүс бодит амьдрал байх ёстой. Бид өнгөрснөө зөвөөр, үнэнээр ойлгож, өнөөдрөө зөв дүгнэж чадаж байж л цаашдаа амжилттай хөгжих болно. Насанд хүрээгүй өсвөр насны хүүхэд шиг өөрсдийгөө хөөргөж, бусдаар магтуулаад хэзээ ч бид амжилтанд хүрэхгүй. Харин ухамсартайгаар бодит, шүүн шалгах шаардлагатай.
Ардчилал руу шилжин орж буй Киргиз, Минмар улсууд биднийг битгий дагаарай. Биднийг дагавал хүн амыг тал хувийг гуйлгачин болгож, үндэснийхээ нийт баялгийг хүн амынх нь тав хүрэхгүй хувь нь эзэмшиж, төр нь авлигалд идэгдэж, түмэн олон нь ядууран доройтох болно. Тиймээс биднийг битгий дагаарай. Америкчууд бидний Азийн ардчиллын үлгэр жишээ хэмээн цаасан малгай өмсгөдөг юм. Ази тивд дэлхийн ардчилсан орны тоонд ордог Япон, Солонгос, Тайван, Малайз, Сингапур, Хонконг гээд орнууд байдаг. Тэднээс суралцаарай л гэж зөвлөмөөр байна.
Гудамжинд гуйлга түүн амьдрах эрх чөлөө гэж байхгүй. Гудамжинд орилоод, хашгираад төр нь сонсохгүй байхад үүнийг ямар эрх чөлөө гэж хэлэх юм. Сонгууль өгч буй нэртэй л болохоос биш сонгууль гэдэг угтаа шударга явагдахгүй байгааг ард түмэн мэдэж байгаа.
Бид ардчиллын 10 цагаан буянаа эдэллээ хэмээн Ардчиллынхан ярьж байна. Чөлөөт, шударга сонгууль явуулж чадсан бил үү? Хэвлэл мэдээллээр жирийн иргэн хүн өөрийн санаагаа дамжуулах боломжтой бил үү? Гудамж талбайд жагсаад төрийн шийдвэрийг өөрчилж чаддаг бил үү?
Хүн амынх нь 50 хувь нь ядуу амьдарч байхад ардчилал ярьж болж байгаа юм уу? Эцсийн эцэст ардчилсан нийгэм байгуулах гээд байгаа юм бол ард түмний амьдралыг сайн болох нь гол зорилго байх ёстой.
Ардчилал гэвэл ардчилсан намыг дагаж хуйлрах явдал үеэ өнгөрөөжээ. Улс төрд фэн гэж байх ёсгүй. Ардчилал Ардчилсан намын өмч биш. Сүүлийн 22 жилийн түүх АН-ын өмч болж түүнээс өмнөх нь МАН-ын өмч болсон юм шиг байна. Ийм л маягаар хандаж байгааг бид харж байгаа.
90 онд өмнөх нийгмээ муулж, тухайн үеийн МАХН-ыг эсэргүүцэж байвал өөрсдийгөө ардчилагчид гэж ойлгож байсан нь ажиглагддаг. Өнөөдөр ч энэ хандлага хэвээрээ л байна.  Харин тэгвэл өнөөдөр ард түмэн өнөөдрийн нийгмээс өмнөх нийгмээ сайн байсныг ярьж байна. Яагаад гэвэл сүүлийн 22 жил монголд хар дарсан зүүд үргэлжиллээ. Энэ 22 жил социализмын 70 жилд хэлмэгдэж нас барсан 30 мянган хүнээс илүү олон эрдэнэт монгол хүн архинд орж, гудамжинд хөлдөж, хүний наймааны золиос болж, автын осолд орж, гэмт хэргийн золиос болж, хордож нас барлаа. Энэ л жинхэнэ хар дарсан зүүд. Хаана байна тэр ардчилал чинь. Ажилгүй, амьдралгүй, сургуульгүй, өвчтэй, орон гэргүй, архичин байх тэгээд ардчилал уу? Улсын баатар Э.Бат-Үүл “Монголчууд өнөөдөр хүссэнээрээ, дур зоргоороо амьдарч байна. Энэ бол ардчиллын буян” хэмээжээ. Төрд гарсан хүмүүс нь дур зоргоороо хулгай хийж, халаасалж болдгийг ардчилал гэж ойлгож байх шиг байна. Гэхдээ андуурч байна. Ардчилал гэдэг дур зоргоороо биш харин ухамсартай, хариуцлагатай амьдрах явдал. Хүний амь, амьдралд баталгаа байхгүй болчихоод байхад ардчилал гэж хоосон орилож байгаа нөхдүүд даанч инээдтэй бөгөөд дэндүү өрөвдөлтэй.

Б.Гансүх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top