Монголчуудын нас таваар уртасчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 09

Монгол хүний дундаж наслалт 68.05 болжээ. Хүний хөгжлийн индексийн үндсэн үзүүлэлтийн нэг болох дундаж наслалтаараа Монгол Улс дунд зэргийн хөгжилтэй орны тоонд багтдаг.

Гэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн наслалт мэдээж эрс ялгаатай. Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн жил хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн дундаж нас 64.9 байгаа бол эмэгтэйчүүдийнх 72.2 байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын хоорондын ялгаа их буюу 7.3 жил байгаа юм.
Тэгвэл 10 жилийн өмнө дундаж наслалт 63.1 байсныг статистикийн мэдээ гэрчилнэ. Монголчуудын нас дунджаар таваар уртассан нь сайн мэдээ. 2000 онд эрчүүд дунджаар 60.4, эмэгтэйчүүд 66.1 насалдаг байж. 10 жилийн өмнө эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар зургаагаар урт насалж байв. Харин өнөөдөр энэ үзүүлэлт долоо болсон нь тааруухан мэдээ.

Эрүүл хооллолт, хөдөлгөөний ач холбогдол, эрүүл аж төрөх ёсны талаар сүүлийн жилүүдэд тогтмол ярих болсноор иргэд энэ талаарх ойлголттой боллоо. Малын махны өөх, тэр дундаа дотор өөхөнд агуулагдах ханаагүй тосны тосны хүчил дотор эрхтэний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдгийг мэдэхгүй хүн ховор болов. Одоо ургамлын тосноос гадна гахайн махны өөх, хонины сүүл, үхрийн өвчүүний өөх л хүмүүсийн өөх тосны хэрэгцээг хангаж байна. Мөн лифтээр гарахаас шатаар өгсөж уруудахыг илүүд үзэх болсон нь хүмүүсийн эрүүл мэнддээ анхаарал тавьж байгаагийн гэрч.

Гэхдээ эрчүүд хэнэггүй, эмэгтэйчүүдтэй харьцуулахад архи, тамхины хэрэглээгээрээ давуу. Амьдрал дээр тодорхой харагддаг энэ мэт хорт зуршлууд нь эрчүүдийн наслалтад сөргөөр нөлөөлж байгааг энэ судалгааны дүн гэрчлээд өглөө. Японы эрэгтэйчүүдийн дундаж наслалт 76.5, эмэгтэйчүүдийн 82.9 хүрч энэ үзүүлэлтээрээ 1994 онд дэлхийн дээд амжилт тогтоож байж. Энэ амжилтаа арлын орныхон өнөө хэр нь алдаагүй. Хүн амынх нь дундаж наслалтыг харгалзан тухайн улс орны хөгжил, хүн амын боловсролыг тодорхойлох нь бий. Манай улсын хувьд энэ үзүүлэлтээрээ сүүлийн 10 жилд чамгүй үсрэлт хийжээ.


mongolnews.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top