Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөө!!! Архи тамхи рекламддаг төрийн өндөр шагналтнуудын одон медалийг хураая

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 06

Монгол оронд минь өнөөдөр яг юу үнэ цэнэтэй байгааг ойлгоход хэцүү л болоод байх юм. Газар доорх баялаг нь харийн орны баялаг болж, хацар гоо охид нь харь орны бэр болж, ханхар хүдэр эрчүүд нь харийн орны зарц, хоцорч үлдсэн хэд нь архин далайд живж, хаад ихэс дээдэс нь харийн хүний хүүхэлдэй болж Монгол хүн үнэгүйдэж монгол удам бохирдож байгааг бодох тусам л цээжний гүнд хөндүүрлэх юм.Үнэгүй энэ олон дундаас  үнээ алдаж дууссан одон медалийн талаар өгүүлье.

Цагийн сайханд намайг бага байхад одон медаль гэдэг эзнээ олж энгэрт нь гялалзаж, зүүсэн эзэндээ урам өгч, үзсэн болгондоо бахархал болсон ажилчин ард түмний үнэн зүтгэлийг үнэлсэн,  нүдээ олж хүнээ урамшуулсан эд байжээ. Гэтэл өнөөдөр одонгоо даахгүй гавьяатууд  оочерлож,  од нэртэй дуучид дунд дэндүү олон болжээ. За өгч байгааг нь түр орхиё,   таны сонсдог, хүндэлдэг нөгөө мундаг хүмүүс чинь орой болгон телевизээр үр хүүхдүүдийн чинь дэргэд таны ч хорхойг хөдөлгөм үг хэллэгээр өнөөх архи гээч гашуун ундааг ил болон  далдаар сурталчилах нь хэр зохимжтой вэ? Бүр нөгөө одон медалийн эзэд чинь би тоглолтоо хийх гэж байгаа. Намайг сонсдог хүмүүс чинь “яг танай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг залуучууд ш дээ,  танайх манай тоглолтыг ивээн тэтгэ. Бид та нарыг хангалттай рекламдъя гэж архины компанийн  нөхдийн чихнээс хонх уяад гүйж явдаг нь нууц биш ээ. Та хүүхдээ дуртай тоглолтоо үз дээ гээд явуултал хүүхдийн чинь толгойд архины реклам цээжлүүлээд буцааж байгаа нь гутамшигтай. Энд би зөвхөн бухимдъя шүүмжилье гэж огтхон ч бодсонгүй бодит байдал л энэ. Харин та бидний итгэл сэтгэлээр ОТ /олны танил/ болчихоод бас дээгүүр доогуур дарга панаалдаж гүйж байгаад шагнал авчихаад архи тамхи рекламдаж байгаа Төрийн соёрхолтуудаас эхлүүлээд СТА хүртлэх нөхдүүдийн одон медалийг нь буцаагаад авч болдоггүй юм уу ноён ерөнхийлөгчөө !!!

Нэг насаараа төрд зүтгэсэн цэргийн алба хаагч нэг хазгай гишгэхэд л бүх цолыг нь хурааж хөөгөөд л явуулдаг.

Тэгвэл хоёр гуравхан жил урлагт зүтгээд төрийн өндөр дээд одон медалиар шагнуулсан нөхдүүдийг ард түмнээ архин далай,  тамхин үүлэнд живүүлэх үйл хэрэгт зүтгэснийх нь төлөө төр төмөр нүүрээ үзүүлэх цаг болсон байна.

“Хараа сайн байна шүү, Алсын хараатай амьдарцгаая, Сэнгүр сайхан байна, Ерөөл өргөж амьдарцгаая, Монгол стандарт тогтооё, АПУ тийн ялгал, зөөлөн чанар” эдгээр рекламуудад  бүгд нөгөө төрийн одон медалтангууд тоглосон. Хамгийн сүүлийн нялх төрийн соёрхолтын мэдээтэй зэрэгцээд АПУ компани бид урлаг соёлыг дэмждэг, Д.Болдтой хамтран ажилладаг гэж ирээд л төлбөртөй мэдээ сайтууд дээр тавьсан байх жишээтэй. Толгой дотроо жаахан юм бодмоор юм даа ОД болон ОТ ууд минь

 

Б.Наранхүү, Г.Эрдэнэтөгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top