Өөрийн карьерыг үгүй хийх 30 буруу алхам

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 06

Өдөр болгон бид Би хөгжихгүй байна, энэ байдлаараа удаан явбал дуусах нь, нэг байрандаа л эргэлдээд байна, илжирч гүйцлээ гэсэн бодолд шаналж явдаг. Тэгээд энэ бүхэн нь орчин тойрны худал хуурмаг байдал, төрийн буруу бодлого, элдэв янзын нугалаа гээд дан ганц миний эсрэг “төлөвлөгдсөн” бүхэл бүтэн тогтолцоо ажиллаж байна гэсэн шиг бурууг дандаа бусдаас хайдаг. Гэтэл энэ бүгдийн буруутан өөрөө гэдгийг тэр бүр мэдрээд байдаггүй. Ингээд та бүхэндээ өөрийн өсөлт, дэвшилтээ устгаж болох 30 буруу алхмыг танилцуулъя.

 

1.    Өнөөдрөөрөө бус байх.

Бие нь энд ч, бодол санаа нь хаа нэгтээ байдаг үе хүн бүхэнд бий. Зарим хүмүүс арай дөнгүүр ажилд ороод “будаа” болгох байсандаа ч гэдэг юмуу эсвэл алдар нэр, зугаа цэнгэл, шал хэрэггүй шальдар бульдар зүйлийг бодон гиюүрч алт шиг цагаа дэмий үрдэг. Энэ бол маш муу зуршил. Дургүйд хүчгүй гэдэг байх аа. Та бодит амьдрал дахь өөрийн үүрэг, оролцоо, амжилтад хүрэх гишгүүрийг ор тас мартсан байна. Үүний оронд та өнөөдрөөрөө байж, бүх зүйлд амьдралын идэвхтэй оролцох хэрэгтэй.

 

2.    Маргааш ... гэж хойшлуулах

Бид өнөөдөр үрж байгаа цаг маргааш олдох юм шиг аливаа ажлыг хийж дуусгахаас цааргалан маргааш гэж хойшлуулдаг. Хүн бусдад хэрэгтэй олон чадварыг “Тэгж байгаад л нэг” эзэмшчихдэггүй. Цаг хугацааны эгшин бүр давтагддаггүй, эргэж ирдэггүйгээрээ үнэ цэнэтэй байдаг. Заримдаа буруу ч бай зөв ч бай шийдвэр гаргах нь л чухал байх үе бий. Та аливаа нэг сонголт хийхээс буцаж няцах нь угтаа хамгийн муу сонголт гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

3.    Зорилго, төлөвлөгөөгүй байх

Ирээдүйдээ санаа тавибал тэр эргээд танд санаа тавих болно. Хүн ер нь юу харахыг, юунд хүрэхийг хүснэ түүнийгээ л хардаг. Хэрэв та ямар нэг зорилгогүй, салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг явбал ирээдүйд асар том ангал руу уначихаж болох юм шүү. Та энэ их ажлын хажуугаар тодорхой зүйл төлөвлөөд түүндээ хүрнэ гэдэг амаргүй нь мэдээж. Гэхдээ тодорхой сахилга бат, чиг баримжаагүйгээр хүсэл мөрөөдөлдөө хүрч чадахгүй дэмий л баахан цаг нөхцөөж, хүч чадлаа зүгээр хоосон үрэх болно.

 

4.    Хүндхэн сорилтой тулгарахаас зайлсхийх

Бид заримдаа би юунд зорьж байгаа билээ, түүнд хүрэхийн тулд би юу хийх хэрэгтэй вэ? гэсэн эерэг бодлоо Хэрэв би буруу сонголт хийвэл, буруу шийдвэр гаргавал юунд хүрч болох вэ? гэсэн хулчгар бодлоор нурааж орхидог. Мэдээж аймшигтай алдаа хийж байснаас зүгээр суух нь дээр гэж бодсоноор хариуцлагаас “эвтэйхэн” мултарч чадна гэж боддог. Өөрөөр хэлбэл, замдаа гарахаасаа өмнө л буугаад өгчихдөг. Үр дүнд нь та хэзээ ч алдаа гаргахгүй байж болох ч бас хэзээ ч ахиж дэвшихгүй гэдгийг санах хэрэгтэй.

 

5.    “Жижиг ” харах

Төсөөлөн бодох чадвараа хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Өөр ажил, өөр орчин, өөр компанид өөрийнхөө хийж чадах зүйлийг бодитоор харж сурах хэрэгтэй. Бодит чадвараа үгүйсгэж “жижиг”-ээр харах хэрэггүй. Өөрийнхөө бүхий л авъяас чадварыг жагсаагаад яавал тэднийг хөгжүүлж, өөрийгөө өөрчилж чадахыгаа бодохын оронд таныг хэн нэг нь хэзээ нэгэн цагт нээж олоод балчиг намагнаас суга татан гаргаад ирэх юм шиг бодож суух хэрэггүй.

 

6.    Нуугдмал байх  

Үр дүн нь бүхнийг харуулаад өгөх юм чинь ажлаа хийгээд байвал болоо гэж бодох хэрэггүй. Зөвхөн ажил дээрээ хамаг анхаарлаа төвлөрүүлэлгүй өөрийн бичил ертөнцөөсөө хааяа ч гэсэн ил гарч байх хэрэгтэй. Хов жив хөөцөлдөх, илэн далангүй байх зэрэг нь таныг улам “доош хийнэ” гэж бодсоноор та өөрийнхөө тухай суурь ойлголт авах боломжийг хэн нэгэнд олгодоггүй байж болно. Нүцгэн талд өөрийгөө нуух гэж оролдсоны хэрэггүй.

 

7.    Өөрийгөө хөгжүүлэхгүй байх

Сурахаас бүү халшир. Угаасаа хүмүүс бүхнийг мэддэг төрдөггүй шүү дээ. Номын дуу сонсох, өөрийгөө хөгжүүлэхэд бага ч гэсэн цаг зав гарга. Өчүүхэн ч гэсэн үр дүн заавал гарах болно.

 

8.    Өөрийгөө хянахгүй байх

Хэт чанга хашгичих, зөрүүдэлж хэцүү ааш гаргах зэргээр хяналтгүй ааш авир гаргах нь таны амжилтад сөргөөр нөлөөлөх нь мэдээж. Ер нь, илэн далангүй байгаа нь энэ гээд хамаг юмаа дэлгээд байвал таны энэ байдал тэр бүр эерэг бодол төрүүлэхгүй гэдгийг анхаараарай. Өөрийгөө ухаантай, баян цатгалан харагдуулахыг хичээх тусам хүмүүс таныг хэт омголон, эрээ цээрээгүй нэгэн гэж харж ч болно.

 

9.    Биеэ барих чадваргүй байх  

Маш хүчтэй цохилтонд орж, сэтгэл санаагаар унасан үедээ ч учиргүй уурлах хэрэггүй. Тэсээд өнгөрөх хэрэгтэй. Ингэхгүй бол өмнөхөөсөө ч хүндхэн эрсдэлтэй учирч мэднэ.

 

10. Ажилдаа чин сэтгэлээсээ хандахгүй байх  

Ажилдаа энэ бол зүгээр л нэг “ял” гэж ханддаг уу? Энэ бол таны ажилд хамгийн их садаа болдог бодол шүү. Өнөөдөр таны хувьд чөдөр тушаа мэт санагдах ажилд орохоор болсон бол та тухайн цагтаа бүхнээ зориулахад бэлэн байсан гэдгээ сана. Ажилдаа зүрх сэтгэлээ зориул.

 

11. Өнгөрснийг сөхөх

Болоод өнгөрсөн таагүй зүйлийг санаад байдгаа болих хэрэгтэй. Хэн нэгний үл ойшоосон байдал, алдаа эндэгдлийг нь дандаа дурсаад байх хэрэггүй. Хэрэв ингээд байвал таны санаа бодол атаа жөтөө, өшөө хорслоор л дүүрэх болно. Эцсийн дүндээ ингэх нь өөрөө өөрийгөө өрөвдөх, бурууг бусдаас хайхын сайхан шалтаг болдог.

 

12. Туйлбаргүй байх  

Бид хэзээ ч хийж үзээгүй зүйлдээ харамсаж явдаг. Гэхдээ үүнээс болж энд ч нэг тэнд ч нэг үсчээд эхэлсэн зүйлээ дуусгалгүй хаяад явбал карьер хөөх хөг өнгөрч мэднэ. 13. Бүхнийг ө рийнхрхийх гэж оро лдох Та зөвхөн өндөр чадвар, авъяас билэгтэй байхад бүх зүйл сайхан болчихгүй. Хэн нэгний зөвлөгөөг авч сурах нь чухал. Зөвхөн өөрийнхөөрөө зүтгээд байж болохгүй.

 

13. Гүн бодолд дарагдах

Та хамт олон тань таныг тойрон хүрээлж, бүх зүйлд өөрийг чинь анхааралтай ажигладаг гэж боддог уу. Тэгээд тэдний тухай бус гагцхүү өөрийнхөө л тухай, биеийн чинь хаана өвдөж байгаа талаар, эсвэл таны нэр хүнд унаж байгаа талаар ч юмуу гүн бодолд автдаг уу? Тэгээд бүхнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөсний дараа хамт ажиллагсаддаа хичнээн анхаарал тавиад ч оройтсон байх нь бий. Тэгэхээр гүн бодолд автаж бүхнийг хажуугаараа өнгөрөөх хэрэггүй.

 

14. Үргэлж эмээж явах  

Би үүнийг хэзээ ч хийж чадахгүй гэсэн амны уншлагаасаа бас салах хэрэгтэй. Яг тодорхой чиглэсэн зүйлээ бол үзээд алдах л хэрэгтэй. Ирээдүйд ингэсэн бол тэгсэн бол гэж харамсахгүйн тулд олдсон боломжийг ашиглаж сурах нь муу зүйл биш.

 

16. Хүсэл тэмүүлэлгүй байх

Золиосгүй амжилт, алдар хүнд гэж үгүй. Таныг тойрон эргэлдэх тоймгүй олон асуудлуудыг захаас нь барьж аваад шийдэх хэрэгтэй. Эхлүүлсэн ажил, хүрсэн амжилтуудаас тань хүмүүс таныг хэн болохыг харах болно. Өөрийгөө нотлон харуулах хүнд хэцүү байсан ч алхам, алхмаар урагшаа тэмүүлж сур.

 

17. Азаа үзэхээс зайлсхийх

Хааяа азаа турш. Хүнд байдалд орох вий, буруутан болчих вий, таагүй зүйл болохгүй байгаа гэж болгоомжилж явбал амжилтад хүрч чадахгүй. Тиймэээс өөрийг чинь хэзээ ч эрсдэлд оруулахгүй тайван амгалан орчиндоо бүгэж суухын оронд азаа үзээд алд. Эрсдэл дундаас л од шүүрдэг.

 

18. Чөлөөт цагаараа ажиллахаас татгалзах

Бид ажил дээрээ өглөөнөөс орой болтол чөлөө завгүй ажилладаг. Гэхдээ хааяа амралтын цагаараа ч ажлаа амжуулчихдаг байх хэрэгтэй. Илүү цагаар ажиллахдаа ч цааргалах хэрэггүй.

 

19. Тэрс үзэлтнүүдтэй нийлэх

Ажилдаа дурамжхан нөхөдтэй нэг их нийлээд хэрэггүй. Тэд таны санаа бодлыг урвуулах сэтгэлд цөвтэй зүйлс чалчиж явах нь элбэг.

 

20. Өөртөө үл итгэх

Хүн болгон аав ээж, ах эгч, багш нарын заавар сургамжаар дүүрэн өсвөр насыг туулдаг. Гэхдээ одоо та хүүхэд биш. Юм болгонд тэдний хүссэнээр хандах албагүй. Тэдний хэлсэн болгоныг дуулгавартай нь аргагүй биелүүлээд явахад их л сайндаа тэдний нэг болно гэдгийг сана. Таны багш, таны чиглүүлэгч бол зөвхөн та өөрөө гэдгээ ухаар.

 

21. Өрсөлдөөнөөс зугтах

Биднийг багад өөрийгөө бусадтай бүү жиш, өөрөө өөртэйгөө тэмц, өөрийгөө ял гэж их сургадаг байсан. Гэхдээ яг тэмцээн дээр өөрөө өөрийгөө бус өрөөлийг ялахын тулд л тэмцэл өрнөдөг. Өөрийгөө бусадтай жишиж, нөхцөл байдлыг бодитой үнэлж сурах хэрэгтэй. Дарга нар таныг өрөөл бусадтай л жишиж байж тушаал дэвшүүлнэ биз дээ. Өрсөлдөөнд бэлхэн байж сур.

 

22. Асуудалтай хэт удаан зууралдах

Эхлүүлсэн ажил үр дүнд хүрэлгүй удаад байвал түүнийг сайтар нягтлаад шаардлагатай бол орхих хэрэгтэй. Эхнээсээ буруу тавигдсан аяга тавиур дээрээсээ унах нь тодорхой. Тэгэхээр шалтгаан нь юундаа байгааг цаг алдалгүй олж хараад засах хөг нь өнгөрсөн бол орхиж сурах хэрэгтэй.

 

23. Шинэ зүйлд таагүй хандах

Хүн гээч амьтан дасан зохицох чадварынхаа ачаар л өнөөгийн төрхөндөө орсон гэдэг. Ямар ч шинэ зүйлийг айж эмээлгүй хүлээн авч давуу тал болгохыг зорь. Ер нь хэвийн бус хүмүүс л шинэ зүйлд таагүй ханддаг. Техник, технологийн дэвшилтэй хурдхан хөл нийлж байх нь чухал.

 

24. Даргаасаа дөлөх

Даргыгаа хараад түүний зангидсан хөмсөгийг дотроо төсөөлөөд зугтаагаад байж болохгүй. Тэр мангас биш нь тодорхой. Мэдээж мөр алгадаж харьцах нь ч хаашаа юм бэ. Гэхдээ л учиргүй айгаад, сандраад, дөлөөд явалгүй энгийн, ойр харьцаатай байх хэрэгтэй.

 

25. Бүтэлгүй зүйлийг дэвэргэх

Бидний ажил хаяа их бүтэмжтэй, хаяа бүр яачихав гэмээр бүтэлгүй байх нь бий. Түүнд эгдүүцэж, бухимдах хэрэггүй. Бүтэлгүй зүйлийг түр орхиод байдлыг намжаах хэрэгтэй. Энэ хооронд та цаашид яахыгаа бодож амжина.

 

26. Эхнээс нь эхлэхэд бэлэн бай

Заримдаа доогуур албан тушаалаас карьераа эхлэх шаардлага гардаг шүү дээ. Генералтай суухыг хүсвэл байлдагчтай гэрлэ гэсэн үг байдаг даа. Гэхдээ тээр доор хэт удах нь аюултай гэдгийг сануулах юун. Орчиндоо хэт дасах нь аюулд дасахын дохио гэдэг шүү дээ.

 

27. Зорилгоо умартах

Зорилгодоо хүрэлгүй замаасаа няцах нь өөрийнхөө хүч хөдөлмөр, цаг завыг хий дэмий салхинд хийсгэсэн хэрэг болно. Түр ч атугай зорилгоо умартах нь төсөөлснөөс ч бэрх асуудалд унагаж болохыг сана.

 

28. Зөв хүмүүсийг өөрөөсөө түлхэх

Бид дуртай хүнтэйгээ л цагийг өнгөрөөдөг. Гэхдээ тэд бүгдээрээ танд хэрэгтэй хүмүүс биш шүү дээ. Таны зорилгод нийцэхгүй найз нөхдөдтэйгөө өнгөрөөж буй цагаа карьераа өсгөх хүмүүст зарцуулж, зөв хүмүүсийн шинэ хүрээлэл бий болго. Хэрэв та үнэхээр ахиж дэвшихийг хүсч л байгаа бол эргэн тойрон дахь хүмүүсээ нарийн шүүлтүүрээр оруулах л хэрэгтэй болох нь.

 

29. Нүдэн балай чихэн дүлий оргих

Ямар нэг боломж чимээгүйхэн ирдэг. Боломжийг цаг алдалгүй ашигласнаар та амжилтад хүрэх бүрэн боломжтой шүү дээ. Аливаад сонор сэрэмжтэй хандах нь чухал.

 

30. Нэг л зүйлд улайрах

Нэг зүйлд хэт улайрвал бусад зүйлсийг харалгүй өнгөрөөчих магадлалтай. Жижиг өөрчлөлт том эрсдэл дагуулдгийг санах хэрэгтэй. Тиймээс ганц зүг рүү хараад байлгүй, амьдралыг бүхэл дүр зургаар нь томоор харж сурах хэрэгтэй. Сайн хар, ямар нэг жижиг зүйл орхиогүй биз.

 

 

Бэлтгэсэн: Р.НАРАНБАЯР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top