“Гранд” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч Д.Баттөрийн хос цомгийн нээлт болов

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 06

“Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч, “Гранд” хамтлагийн продюсер Д.Баттөр энэ жил “Төгөлдөр хуурын аялгуунууд”, “Зүүдний учрал” хос цомгоо өлгийдөн авсан. Тиймээс цомгийн нээлтээ өөрийн дотны хүмүүсийн хүрээнд саяхан нижгэр тэмдэглэжээ.

Хүндэт зочдоор Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншарав, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Г.Оч, гэргий ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмоны хамт уригдсан байна.



Мөн саяхан Төрийн соёрхолт хүртсэн дуучин Болд, “Камертон” хамтлаг, “Сүнс” хамтлаг, “Номин талст”-ын Хаянаа, саяхан “Давтагдашгүй” тоглолтоо хийсэн продюсер Б.Чинбат, “Sweetymotion” хамтлаг, дуучин П.Хэрлэн нар хүрэлцэн иржээ.



Энэ хос цомог гарснаар хөгжмийн зохиолч Д.Баттөр гурав дахь “хүүхдээ” өлгийдөн авч байгаа юм. Тэрээр 2005 онд “Амьдрал” нэртэй анхны цомгоо өлгийдөн авсан нь “Гранд хамтлаг” болон поп хатагтай Б.Сарантуяа, С.Сэрчмаа, “Номин талст”-ын Хаянаа, МУГЖ Ц.Түвшинтөгс нарын дуунуудаас бүрдсэн байсан. Харин шинэ “Зүүдний учрал” цомогт “Гранд” хамтлагийн шинэ бүтээлүүд болон МУГЖ Т.Ариунаа, дуучин П.Хэрлэн, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн нарын дуулсан дуунууд багтжээ.



Түүний “Төгөлдөр хуурын аялгуу” цомог онцгой бүтээл болсон гэдэг дээр нэртэй хөгжмийн зохиолчид санал нэгдэж байлаа. Хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтарсан “Төгөлдөр хуурын аялгуу” цомгоо АНУ-ын Чикаго хотын найрал хөгжимтэй хамтран бичжээ. Тиймээс “Бидний өмнө нь сонсож байсан танил дуунууд шив шинэ аялгуу болон төгөлдөржсөн нь Монголын хөгжмийн түүхэнд шинэхэн хуудас нээж байгаатай адил байна” хэмээн Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг дүгнэн хэлэхэд хүргэсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top