Гэр хорооллын гэрэлтүүлгийг бүрэн асаахыг үүрэг болголоо

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 06

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өчигдөр хуралдаж НЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ш.Наран, Хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Сайнбаяр, Агаарын чанарын албаны дарга Д.Мөнхцог нар мэдээлэл хийв.  

Цас мөс цэвэрлэгээний ажил олон байгууллагад эхлэл төдий байна. Ялангуяа нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэхгүй орхиж буй дутагдал байна гэдгийг Ш.Наран онцоллоо.  

Түүнчлэн гэр хороололд гэрэлтүүлэг бүрэн асахгүй байгаагийн зэрэгцээ золбин нохой ихэсжээ. Эдгээр асуудлыг анхааралдаа авч ажиллахыг уг ажил хариуцсан байгууллага, дүүрэгт санууллаа.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас 2011 онд 459 мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүллээ. Өдөр тутмын сонин хэвлэлд нийслэлийн удирдлагуудтай холбоотой 2411 мэдээлэл хэвлэгдсний 98 нь нийслэлийн ажлыг шүүмжилсэн мэдээ байсан бол 27 нь дүүргүүдийн удирдлагуудтай холбоотой байв. Ер нь нийслэлийнхний хийж бүтээсэн ажил нь хийгээгүй болж харагддаг. Эсрэгээрээ хийгээгүй ажил нь хийсэн болж харагддаг тул хэвлэл мэдээллийн байгууллагуудад анхаарлаа хандуулж ажиллах шаардлага бийг Хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Сайнбаяр тодотголоо.

Агаарын чанарын албанаас утаа бууруулах чиглэлээр хийж байгаа ажлаа танилцуулав. Нийслэлийн 42689 өрх Мянганы сорилтын сангийн Цэвэр агаар төсөлд хамрагдаж утаагүй түлш, зуух, гонх авсан тухай мэдээлэв. Харин энэ мэдээллийг өгсний дараа Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ш.Наран бодит байдалтай энэ тоо нийцэхгүй байна гэж шүүмжиллээ. Яг газар дээр нь очиход түлшний нийлүүлэлт байхгүйгээс 7 хоног түлш авч чадахгүй сууж буй хүмүүс ч байна. Ам, ажил зөрсөн мэдээлэл удирдах ажилтны шуурхай дээр хийгдэхгүй байх ёстой гэв.  

Дээрх мэдээллийн дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр зарим удирдах ажилтнуудаас хариуцсан ажилтай нь холбоотой тодруулга мэдээлэл авлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын Захирагч Г.Мөнхбаяр: Гадуур цахилгаан хангамж, дулаан хир байна, гэмтэл саатал гарч байна уу?

-УБ Дулааны шугам сүлжээ ХК-ийн дэд захирал Г.Баярсайхан: Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамж хэвийн. Дулааны цахилгаан станцын горим яг нормоо барьж ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээнд ямар нэг гэмтэл гараагүй. Айл өрхүүдээс халаалттай холбоотой гомдол санал ирээгүй байна. Хүйтний эрч чангарч эхэлсэн тул он гартал дулааныг 5-10 градусаар өндөр барьж ажиллана.

-УБ цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн ерөнхий инженер н.Ганзориг: Ачаалал ерөнхийдөө хэвийн. Гэр хорооллын хэрэглэгчдийн станцууд дээр ачаалал нэмэгдэж эхэлсэн. Кабель тасрах зэрэг гэмтэл бага зэрэг гарч байна. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой цахилгааны үнийн урамшууллын гэрээ байгуулж ажиллаж байна. Ерөнхий захирлын гарын үсэгтэй гэрээг 784 хэрэглэгчтэй байгуулаад байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын Захирагч Г.Мөнхбаяр: Халтиргаа, гулгааг арилгах талаар ямар арга хэмжээ авч байна. Ажлаа хийхгүй байгаа нөхөдтэй ямар хариуцлага тооцов?
-ЗАА-ны орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Л.Баатарцогт: Гол анхаарал хандуулах ажил явган хүний зам. Манай байгууллага нэг мэргэжилтэнд нэг байгууллага хуваарилж өгөх зарчмаар менежмент хийж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 582 байгууллага, аж ахуйн нэгжийг 582 төрийн албан хаагчид хариуцуулж өгсөн. Цас орлоо гэхэд дараа нь тухайн байгууллагыг хариуцсан авсан мэргэжилтэн цас мөсөө цэвэрлэхийг сануулж ажиллах юм. Үр дүн нь гарч эхэлсэн.

Ийнхүү зарим удирдах ажилтнуудаас цаг үеийн асуудлаар тодруулга авсныхаа дараа Хотын дарга Г.Мөнхбаяр ирэх өдрүүдэд анхаарлаа хандуулах ажлуудад үүрэг чиглэл өглөө. 12 сард НИТХ-аар төсөв хэлэлцэнэ. Нийслэл энэ жил анх удаа улсад мөнгө өгөхгүй болж байна. УИХ-ын гишүүд хотод 48 тэрбум төгрөгийн боломж олголоо. Энэ хөрөнгөөр өнгөрсөн жилүүдэд мөнгөгүй гэдэг шалтгаанаар орхигдож ирсэн урсгал зардлын ажлуудаа санхүүжүүлэх боломжтой. Иймд удирдах ажилтнууд өөр өөрсдийн салбарт хэрэгцээтэй асуудлаа тодорхойлохыг анхаарууллаа. Ингээд дараах үүрэг даалгаврыг өгсөн юм.

Нэг. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд
А.“Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох журам”, “Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-уудыг нийслэлийн Агаарын чанарын алба, дүүргүүдийн ЗДТГ, Хэрэглэгчдэд үйлчлэх төв /УБЦТСүлжээ ХК-ны харъяа/, хороодын хэсгийн ахлагч нараар хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтарсан уулзалт, ярилцлага зохион байгуулах.
Б. Үртсэн шахмал болон хагас коксжсон түлш нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа компаниудтай гэрээний хариуцлага тооцох.
В. “Цэвэр агаар сан”-гийн санхүүжилтээр хийгдэхээр эрх шилжсэн 5 ажлыг хэрэгжүүлэх асуудлаар Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж ойрын үед шийдвэрлэх.

Хоёр.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар энэ онд эрх шилжүүлэн гүйцэтгэсэн бүх ажлыг үр дүнгийн үнэлгээгээр, хөрөнгө оруулалт нэг бүрээр гаргаж холбогдох албан тушаалтнуудад мэдээлэл хүргэх.


А. Эрх шилжсэн зарим хөрөнгө оруулалтын ажлын техник, эдийн засгийн үндэслэл саатаж байгааг анхаарч нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар мэргэжлийн комиссын хурлаараа хэлэлцэн шийдвэр гаргах.
Б. Эрх шилжсэн ажлуудын үе шат бүрийг дүүрэг, агентлаг, харъяа газруудаар бие дааж, хугацаанд нь гүйцэтгүүлэхэд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар анхаарч ажиллах.

Гурав.
Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат


А.  Гэр хорооллын гэрэлтүүлэг, шинээр ашиглалтад хүлээн авсан зам, талбайн цэвэрлэгээ, түүнд шаардагдах бодис, багаж хэрэгслийн урсгал зардлыг тооцож дүүргүүдийн Засаг дарга нарт танилцуулан улмаар нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээр хянуулаад дүүргүүдэд шилжүүлэн өгөх.
Б. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын “Өөрийн байрны баталгаажсан эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах” гэсэн 2.2 дэх заалтын дагуу зам талбайг эзэнжүүлэх.
В. Захирагчийн ажлын алба ирэх жилээс зураг төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт, урсгал зардлаа хянах бодлогын чиглэлээр ажиллахаар бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөх санал боловсруулж танилцуулах.

Дөрөв. Нийслэл хот ирэх оны төсвийн давсан орлогоо өөрсдөө зарцуулахтай холбогдуулж зуслангийн товчоог дүүргүүдэд байгуулах, гэр хорооллын хөрсний бохирдлыг багасгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах болон хүүхдийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, нийгмийн хэв журам хариуцсан цагдаагийн ажилтнуудын материаллаг баазыг бэхжүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудад урсгал зардлыг хуваарилах тооцоо, санал боловсруулж нийслэлийн Засаг даргын орлогч нарт танилцуулан төсөвт тусгуулах.

Тав. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар болон Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар нар Улаанбаатар хотод баригдах 100.0 мянган айлын орон сууцанд хөрөнгө оруулалт хийж байгаа болон ажлын явцтай холбогдох албан тушаалтнуудтай уулзаж энэ талаарх бодлогыг тодорхойлж олон нийтэд мэдээлэх.

Зургаа.
Нийслэлийн Нийтийн тээврийн газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дэмжлэгийг бүрэн шийдвэрлэсэн учир ирэх онд ажлын байр бүхэнд хариуцлага сахилгыг сайжруулж үйлчлүүлэгчдэд аюул осолгүй, шуурхай, соёлтой үйлчилгээг тэднээс шаардах, үр дүнгийн гэрээгээ ажил хэрэг болгох учиртайг анхааруулснаар ээлжит хурал өндөрлөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top