Дээшээ монгол уу, доошоо монгол уу

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 06

Монголчууд эрт дээр үеэс л толгойг тэргүүн, гарыг мутар, биеийг лагшин гэх зэргээр хүндэтгэн нэрлэдэг дээшээ заяатай, үгсийн арвин баялаг сантай ард түмэн.

Хөгжлөөрөө манайхыг хол хаясан гэх зарим орнуудыг энэ талаараа бол ёстой “өөрсдийг нь хол хаясан” гэж бардам хэлнэ.

Жишээ нь оросууд хамгийн гол эрхтнээ головной мозг (толгойны тархи), нугасыг спинной мозг (нурууны тархи), костный мозг (ясны тархи) гэхчилэн нэрлэдэг байхад бид тархи, нугас, чөмөг гэх мэтээр тус тусад нэр оноож чадсан ард түмэн билээ. Тийм ч учраас цайг цай, унд, ууш гэхчлэн нэрлэдэг. Иймэрхүү жишээг дурдаад байвал дуусахгүй. Гэтэл орчин үеийнхэн бид нэрэлхүү зандаа хөтлөгддөг юм уу эсвэл угаасаа тэнгэр заяатай гэдгээ батлах гэдэг ч юм уу байгаа зүйлийг дээрдүүлж нэрлэх дон тусаад үгсийн сангаа баяжуулах нь битгий хэл байгаа хэдийг нь мартагдуулах ажил хийх болжээ. Тав, аравхан өрөөтэй гадаадынхаар бол мотел, монголоор бол бол дэн буудлын газар гэж нэрлэх ёстой үйлчилгээний байгууллагаа ичих ч үгүй hotel гээд нэрлэчихнэ.

Нийтийн орон сууцны цонхыг цоолж гаргасан шаттай талх, тамхихан зардаг дэлгүүрээ mini supermarket гэж өхөөрдөнө. За тэгээд л гадаадынхны сэтгэлгээнд бол тэс өөрөөр буудаг Center, House гэх мэт нэрс дүүрэн үзэгдэнэ. Бүр байчихаад нэг нөхөр жижигхэн цайны газраа “Хуушуур House” гэж нэрлэсэн байна лээ. Байшин нь өөрөө хуушуур юм уу хаашаа юм. Гадаадын нэг нөхөр Paradise гэсэн хаягтай байшин руу ороод тэр нь зүгээр энгийн үйлчилгээний газар байсанд ихэд гайхсан гэдэг. Учир нь гадаадад янхны газрууд л ихэвчлэн Paradise гэх юм уу Happy land хэмээх нэрийг зүүдэг аж. Гадаад нэр өгөх дуртай бол учрыг нь мэдэж өгмөөр байгаа юм.

Нэг герман нөхөр Hotel гэсэн хаягтай байшин руу ороод хүлээн авагчийн бүдүүлэг зантай тулгараад нэг ч минут бололгүй гарч ирсэн гэсэн яриа олон л сонссон. Манайхны иймэрхүү зан гадныханд эх орноо сурталчилсан биш доромжилсон мэт харагдаж байгааг л хэлэх гэсэн юм. Бүхэл бүтэн улсын Засгийн газрыг 100-хан сая ам.доллараар хуурсан “Айвенхоу майнз”-ын Р.Фрийдланд Улаанбаатарын гудамжаар алхахдаа “Манайхны дэн буудлын газар л эд нарт зочид буудал. Манайхны жирийн дэлгүүр л монголд бол супермаркет юм чинь 100 сая ам.доллар бол эд нарт 10 тэрбум л гэсэн үг. Одоо харин үүнийгээ 100 тэрбум болгож авна даа” хэмээн бодож явдаг ч юм бил үү. 

 MMinfo.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top