“Нийт машины есөн хувьд л өндөр татвар ногдуулна”

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 05

УИХ-аар Төсвийн хуулийг батлахдаа Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хамт баталсан. Үүнд автомашины онцгой татварын хууль мөн багтаж байгаа юм. Автомашины татвар нэмэх сургаар суудлын тэрэгний үнэ огцом өссөнийг иргэд хэлж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогтоос тодрууллаа.


-Онцгой албан татварын тухай хуулийн хүрээнд автомашины татварт ямар өөрчлөлт орсон бэ?

-Хуучин бол онцгой албан татварыг машины насаар гурав ангилдаг байсан. 0-3, 4-9, 10-аас дээш жил гэж. Нөгөө талаас моторынх нь багтаамжаар 1500, 1500-2500, 2500-3500, түүнээс дээш гэж ангилдаг байсан. Энэ тооцоо үндэслэл энэ ангилалдаа хэвээрээ байгаа. Бид хоёр концепц оруулж ирсэн. Нэгд, харьцангуй тансаг хэрэглээний татвар гэдэг концепцийг Монголд оруулж ирье. Яагаад гэвэл дэлхий нийтээрээ чинээлэг хүмүүс илүү татвар төлөх ёстой гэж үздэг болж байна. Өөрсдөө түүнийг санаачилж байна. Европ, АНУ, ОХУ-д тийм болж байна. Тансаг хэрэглээний концепцийг яагаад хэрэглэдэг вэ гэвэл одоогийн мөрдөж буй хуулиуд дээрээ түшиглэж хэрэглэдэг. Жишээ нь, хүн амын орлогын албан татварт өөрчлөлт оруулах боломж байна. Мөн үл хөдлөх хөрөнгө дээр өөрчлөлт оруулах боломж байна. Том, том байшин, үнэтэй үл хөдлөх хөрөнгө, эдлэн газар, тансаг хэрэглээний машинуудыг энэ төрлийн татварт хамруулах боломж байдаг. Бид сая шинэ ангилал нэмсэн. 3500-4500, 4500-гаас дээш куб.см моторын багтаамжтай машинуудад тансаг хэрэглээний татвар ногдуулна. Дээрээс нь насны хувьд машины эдэлгээний хугацаанаас хамаарч дөрвөн ангилалд хуваасан. 0-3, 4-6, 7-9, 10-аас дээш жил ашигласнаас хамаарч татварын хэмжээг тогтоохоор болсон.

-Татварын хувьд ямар үзүүлэлттэй машиных хэвээрээ, ямар нь нэмэгдсэн бэ?

-Нас нь залуу, моторын хүчин чадал нь 3500 хүртэлх бол татвар огт нэмэгдээгүй. Хуучнаараа байгаа. Аливаа машиныг үйлдвэрлэснээс хойш 10 жилийн дараа машин өөрийнхөө өртгийг нөхөөд “төмрийн хог” болдог. Америк, БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд хориглосон, маш өндөр татвар ногдуулдаг машиныг манайхан Монголдоо оруулж ирдэг. Тиймээс үүнийг захиргааны аргаар хаа гэдэг шаардлагыг хаа хаанаа тавьж байгаа. Гэхдээ захиргааны аргаар биш эдийн засгийн аргаар хаая гээд10-аас дээш жил ашигласан машинд ногдуулах онцгой албан татварыг бүх төрөлд нь нэмсэн. Дээрээс нь 3500сс-ээс дээш ангиллын машины татварыг өндөр болгосон. Энд зөвхөн жийп орж байгаа хэрэг биш. Дунд зэргийн жийпнүүдийн үнэ яг хэвээрээ үлдсэн. Зөвхөн 3500сс-ээс дээш буюу суудлын Бенз-300-гаас дээш ангилал, BMW-5-аас дээш ангиллын  машинд өндөр татвар тавьж байна. Энэ бол нийт ашиглаж байгаа машинуудын ердөө есөн хувь нь болж байгаа. Тийм учраас нийт иргэдийн хувьд машины үнэ өсөх нөхцөл байдал үүсэхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top