Wikimon: ”Зөн билгийн тулаан”-ы шилдэг тавд орсон удган Г.Түдэв долоон сартай жирэмсэн ажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 05

Оросын "Зөн билгийн тулаан 12"-ын ес дэх удаагийн сорилго 12 дугаар сарын 02-нд ТНТ телевизээр гарсан билээ. Шилдэг тавд үлдсэн зөн билэгчдэд найман хүний амийг бүрэлгэж, бүх насаараа хорих ял авсан гаж донтон алуурчин В.Буханкины шүлэг, зохиол, тэмдэглэл бичиж байсан гурван өөр өнгийн дэвтрийг үзүүлж түүний эзэн ямар хүн болох, эдгээр дэвтрүүдэд чухам юун тухай өгүүлсэн гэдгийг хэлэх даалгавар ноогдсон юм. Анхлан зөн билэгтэн А.Леденев эдгээр дэврийг үзээд хаана юу бичсэн болохыг нэлээд дөхүүлж хариулав. Тэгвэл оролцогч К.Виктория гурван дэвтэр нэгэн үед нэг хүний бичсэн тэмдэглэлүүд байна. Үүнийг 40-50 насны эрэгтэй хүн бичжээ. Энэ хүн одоо амьд байгаа. Гэвч үүнийг тэр олон түмэнд зориулж шоронгоос бичсэн байна гэв. Зөн билгийн дээд мэдрэмжтэй хүн эдгээр дэвтрийг гаднаас нь хараад л бүхнийг мэдрэх боломжтой байсан юм.

Гаж донтон В.Буханкин бол Оросын зэрлэг алуурчин Чикатилогийн хүний амь бүрэлгэсэн тоог давж гарахыг шоронд байхдаа мөрөөдөж байв. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргээр ял авсан түүнийг шоронд байхад нь тэндхийн овгорууд бүхий л талаар доромжилж, амьтан болгож байсан тул тэрбээр гэм зэмгүй хүмүүсийг алж, хорслоо тайлах хүсэлд автсан аж. В.Буханкин муугаар ч болов алдаршихыг хүсч байжээ. Харин гуравдагч оролцогч Л.Роза энэ бол алуурчны дэвтрүүд байна гэж үнэн зөв хэлэв. Тэгвэл манай оролцогч удган Г.Түдэв эдгээр дэвтрүүд дээр одоогоос зуун жилийн өмнөх Оросын түүх бичээстэй байна гэж хариулсан юм. Харин хамгийн шилдэг оролцогчоор тодроод байгаа Я.Елена эдгээр дэвтрүүдийн нэг дээр гаж донтны шүлгүүд байна. Нөгөөх дээр нь түүний шоронд байхдаа бичсэн тэмдэглэлүүд байна гэх зэргээр бүгдийг нь тов тодорхой үнэн зөв хариулав. Хоёр дахь сорилгоор тэд хорт зуршлаасаа гарахыг хүссэн нэгэн хар тамхичин залууг таньж мэдэх учиртай байлаа. Женя хэмээх тэр залууг зөн билэгтнүүд урьд нь хараагүй боловч түүний амьдарч байсан өрөөнд орж ирээд чухам ямар хүн энэ өрөөнд амьдардаг болохыг хэлэх учиртай байв. Л.Роза хэлэхдээ, энэ бол залуу, туранхайвтар, өндөр нуруутай хүн байна. Тэр маш их сэтгэл санааны хямралд орж байнга л мөнгө бодож байдаг хүн байна гэж хариултыг нэлээд дөхүүлэв. А.Леденев, К.Виктория нар ч мөн хар тамхи хэрэглэдэг хүний өрөө байна гэж үнэн зөв хариулсан юм.

Харин манай удган Г.Түдэв энэ бол залуухан эрэгтэй хүний өрөө байна. Түүнээс гадна дөрөв, таван дуучин, хөгжмийн хамтлаг харагдаж байна гэв.

Энэ удаад Я.Елена Женягийн бүхий л зан байдлыг тов тодорхой дүрсэлж, нүдэнд харагдтал түүний амьдралыг дэлгэсэн юм. Ингээд ес дэх удаагийн сорилго өндөрлөж шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг оролцогч болон хамгийн муу оролцогчийг шалгаруулах эгзэгтэй мөч ирэв. Энэ удаагийн сорилгод оролцогсдын дотроос К.Виктория, Я.Елена нар хоёр сорилгод тодорхой, үнэн зөв хариулт өгсөн тул хоёуланд нь цагаан дугтуй олгохоор шийдвэрлэв. Харин хар дугтуйн эзэн одоо тодрох цаг боллоо хэмээн хөтлөгчийг дугтуй задлах мөчид удган Г.Түдэв инээмсэглэн зогсч харагдав. Тэрээр өөрийгөө хасагдана гэдгээ мэдэж байлаа. Чингээд орчуулагчаар дамжуулан Оросын ард түмэн болон Монгол зон олондоо хандан мэндчилгээ дамжуулаад "Би сүүлийн хэдэн сорилгод ташаа хариулснаа мэдэж байна. Одоо би долоон сартай жирэмсэн. Удахгүй эх нутагтаа очиж төрөх болно" гэв. Шүүгчдийн зүгээс манай оролцогчийн тухай тодорхойлохдоо "Нутгаасаа хол онгод нь орохгүй, бичлэг хийж байгаа олон камер, тод гэрлийн дор удган Г.Түдэв үнэн зөв хариулахад хүндрэл бэрхшээл тулгарсан байх. Нөгөөтэйгүүр түүний хөл хүнд байгаа гэдгийг бид дөнгөж сая л мэдлээ. Энэ бүхэн ямар нэг байдлаар үнэн зөв хариулт өгөхөд саад болсон байх" гэж ярьцгааж байлаа.

Өнөөдөр өглөө Г.Түдэв Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор эх нутагтаа хөл тавьж, хөх тэнгэртээ сүсэглэн залбирав. Түүнд амжилт хүсье!
Ө.Гонгор (www.wikimon.mn)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top