Эмч нар хариуцлагатай байсан бол би эмнэлгээс цогцос тэврээд гарахгүй байсан

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 05

Эх нялхсын эрдэм шинжилгээний  төвийн эмч, сувилагч нарын хариуцлагагүй үйлдлээс үүдэн эх үр хоёр хагацсан тухай мэдээллийг манай сайт өнгөрөгч аравдугаар сард хүргэж байсан юм. Тэгвэл ийм эмгэнэлтэй  явдал дахин тохиожээ. Тодруулбал III төрөхийн нэгэн их эмчийн буруугаас  26 настай Б гэх бүсгүй үрийнхээ зулайг үнэрлэж чадалгүй алджээ. Б-гийн   нөхөр болох хохирогч О-ын  яриаг уншигчдадаа хүргэе.

-Эхнэр тань төрөхөөсөө өмнө эмчийн хяналтад байсан уу?

-Миний эхнэр өнгөрөгч жилийн гуравдугаар сард бие давхар болсон юм. Бид хоёрын анхны хүүхэд.  Эмч нар үзлэг хийгээд  манай хүний төрөх хугацааг энэ сарын 15-ны өдрөөс ирэх арванхоёрдугаар сарын 1-ний хооронд  гэж тогтоосон юм л даа. Тиймээс  эхнэр  өнгөрөгч  арваннэгдүгээр сарын 22-ны өдөр эмнэлэгт очиж эход үзүүлэхэд үзлэг хийсэн эмч нь “Ургийн зүрхний цохилт сул байна”  гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр нь  эхнэрийг хадам ээж  дагуулаад  Гялс төвийн гуравдугаар давхарт байрлах өнгөт эход очиж үзүүлсэн юм билээ. Үүний дараа харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн  аравдугаар төвийн их эмч  н.Батмөнхөд очиж үзүүлтэл  гуравдугаар амаржих газарт хэвтэх бичиг хийж өгсөн юм. Тэр өдрөө эхнэр  III  төрөх газрын Яаралтай түргэн тусламжийн эмч н.Гэрэлмаад очиж  үзүүлэхэд  хэвтүүлэхгүй буцаасан.

-Төрөх хугацаа нь болсон хүнийг хүлээн авахгүй буцаах болсон үндэслэлээ н.Гэрэлмаа эмч юу гэж тайлбарлах юм бэ?

-  Тэр өдөр их эмч Н.Гэрэлмаа  эхнэрт  үзлэг хийснийхнээ дараа “Төрөх хугацаа нь болоогүй учраас хяналтдаа буц. Арванхоёрдугаар сар гаргаад эход харуулчихаад ирээрэй” гэж хэлсэн юм билээ. Тэгэхээр нь эхнэр гэдэс хатуурч зовиуртай байгаагаа  хэлэхэд  “Хүүхэд томрохоороо зай талбай нь багасч хатурдаг юм” гэсэн тайлбар  өгсөн байгаа юм. Мэдээж эхнэр эмчийн үгэнд итгэнэ биз дээ. Маргааш нь бие эвгүйрхээд байхаар нь  ээжийг дагуулаад Гялс төвд очоод үзүүлтэл эмч нь  “Ураг бүтэлттэй” гэсэн онош тавьсан. Манай гэр бүлийнхэн ч бөөн сандарсан хүмүүс түргэн авч дахин  Баянзүрх дүүргийн аравдугаар төвд очиж хэвтэх бичиг хийж өгсөн н.Батмөнх эмчтэй уулзтал “Ураг цагийн дотор ч бүтэлт явагддаг”, яаралтай хэвтэх хэрэгтэй гэж зөвлөсний дагуу тэр эмчийг дагуулаад  III төрөх газарт  ирсэн. Гэтэл эмч  нар яаралтай хагалгаанд оруулж эхийг нь  ургаас салгаж эсэн мэнд авч үлдэх хэрэгтэй гээд л мэс засалд орсон. Миний эхнэрт мэс засал хийсэн их эмч  н.Мөнхцэцэгийн  тодорхойлж байгаас үзвэл  тухайн өдөр буюу арваннэгдүгээр сарын 22-нд  төрөх хугацаанд нь эхнэрийг минь н.Гэрэлмаа эмч  хэвтүүлчихсэн бол өдийд  эх үр хоёр хагацахгүй байсан.   Эсвэл  тэр үед эмчид нь  хэдэн төгрөг  өгчихсөн бол өнөөдөр миний хүүхэд амьд байх байж гэх бодол төрж байна. Эхнэр маань хүүтэй болно гээд  ямар их баяр хөөртэй байсан гэж санана.

-Эхнэр тань эрүүл мэндийн байдал нь одоо ямар байна вэ?

- Ямар сайн байх билээ. Үрээ алдсан эх хүн шүү дээ. Харуусал гомдлоор дүүрэн сэтгэл зүрх л байгаа. Сая над руу утасдаад ”Арваннэгдүгээр сарын 22-ны өдөр надтай хамт эмнэлэгт үзүүлээд хэвтсэн хоёр эмэгтэй нярайлчихсан байна. Хүүхдээ хөхүүлж байна шүү дээ. Харин би ямар азгүй хүн бэ” гээд уйлж байна. Миний зүрх шимширч байна.  Эмч нараа,  та нар хүнлэг, энэрэнгүй, хариуцлагатай  байсан бол  өнөөдөр  миний гэр бүл гашуудалд автаж  би цогцос тэврээд эмнэлгээс гарахгүй байсан юм. Би яасан азгүй юм бэ гээд манай хүн уйлдаг. Бид залуу гэр бүл. Үнэхээр гомдолтой байна. Хэрэв золгүй тохиолдлоор миний хүүхэд эндсэн бол би тэр үедээ л харуусаад өнгөрөх байв. Гэтэл эрүүл саруул эхнэрээ эмчийн буруугаас болж мэс ажилбарт оруулж, хүүхдийнхээ үнэрийг үнэрлэж чадахгүй алдлаа. Эхнэр бид хоёрын анхны хүүхэд. Эхнэр маань  бие давхар болсноос хойш ямар их баяртай байсан гэж санана даа. Бид хоёр хоног тоолон хүлээсэн есөн сар. Нэг хариуцлагагүй эмчийн буруугаас өнөөдөр эх үр хоёр хагацаж байна. Нэг залуухан гэр бүл хагацал харууслаар амьсгаллаа. Би гомдолтой байна.

-Хариуцлага алдсан эмчийн талаар эрүүгийн журмаар гомдол гаргасан уу?

- Алдаа гаргасан  хүн хариуцлага хүлээх ёстой. Энэ бол хууль. Хэн нэгэн хулгай хийсэн бол, хүний биед халдсан бол эрүүгийн шугамаар зохих  ял шийтгэлээ хүлээдэг. Тэгвэл миний хүүхдийн аминд хүрсэн н.Гэрэлмаа эмч заавал хариуцлага хүлээх хэрэгтэй. Би дахин хэлье. Эхнэр бид хоёр шиг олон залуу гэр бүл магадгүй эмчийн буруугаас үүдэн үр хүүхдээсээ хагацсан байхыг ч үгүйсгэхгүй. Ирээдүйд  эцэг, эх болох гэж байгаа олон залууст бид хоёрт таарсан шиг ийм гай битгий тохиолдоосой гэдэг үүднээс  би эмчид  заавал хариуцлага үүрүүлнэ. Бусад эмч нар нь  сургамж авах учиртай. Багш бол хичээлээ муу заалаа гэхэд ноцтой хохирол учрахгүй. Хүний алтан амь хариуцсан эмч алдах эрхгүй. Хүний биед мэс хүргэх эрхтэй мэргэжил ганцхан эмч.Өнөөдөр мэс барьсан эмч нар алуурчин болж хувирах ёсгүй. Би харуусч байна. Миний сэтгэл дотор бөөн юм бөөгнөрөөд амьсгал авч болохгүй байна шүү дээ.  Хэрэв тэр эмч хэнэггүй хариуцлагагүй байдлаар хандаагүй байсан бол өнөөдөр эхнэр бид хоёр үрээ тэврээд аз жаргалаар бялхаад сууж байх байлаа.

-Эмч нар гар хардаг гэсэн яриа олон нийтийн дунд их бий. Магадгүй тухайн үед н. Гэрэлмаа эмч таны гэр бүлээс авлига харсан юм биш үү гэх хардлага байна л даа?

-Эхийн  төрөх хугацаа нь болчихоод байхад   н.Гэрэлмаа эмч “Бүх хүнийг хэвтүүлэх боломжгүй” гэж хэлсэн нь ямар учиртай юм бэ. Бас хардахгүй байх аргагүй. Тухайн үед эмнэлэгт хэвтэх  ёс журмаар л хэвтүүлье гэж бодсон юм. Эрүүл мэндийн салбарын бохирыг өнөөдөр үрээ алдан байж өөрийнхөө биеэр амсч  мэдлээ. Хэдэн төгрөгөөр хүний амийг хэмжиж болохгүй биз дээ. Би бухимдаж байна. Эмч нараа “Олон сайхан гэр бүлийг зовлонд битгий унагаарай. Хариуцлага алдах ёсгүй хүмүүс та нар” гэж дахин хэлье. Миний эхнэр гадаадад амьдарч байгаад өнгөрсөн жил  ирсэн юм. Бид хоёр их  удаан хүлээж байж хүүхэдтэй болсон.

-Та бүхэн  удирдлагатай нь  уулзсан уу. Гомдлоо хэдийгээр гаргах вэ?

-Өнгөрөгч баасан гаригт  дарга нартай нь уулзах гээд очиход эзгүй байсан. Эхнэрээ эмнэлгээс гарахаар нь зохих журмын дагуу холбогдох хууль хяналтынханд гомдол гаргана.  Хариуцлага алдсан, хүний аминд хүрсэн эмч нар заавал шалгагдах ёстой. Ер нь манай эмнэлгүүд  маш хариуцлагагүй.  Төрөөс санхүүждаг эмнэлэг маш зохион байгуулалт муутай.  Эмнэлэгт ядаж үүдэн дээрээ бүх зүйлээ ойлгомжтой бичиж болно шүү дээ. Цалин хангамж нь муу байхыг үгүйсгэхгүй. Би тэр эмчид хэлсэн. Хүний биед гэмтэл учруулсан хүн ч ялтай. Бүхэл бүтэн хүний аминд хүрсэн эмч шоронд сууж ялаа эдлэх ёстой” гэж.  Хатуу сонсогдож магадгүй.   Миний хэвлэлд хандсан учир нь эмч нарын хариуцлагагүй байдлаас үүдэн олон хүн битгий хохироосой. Алдаа гаргасан эмч шударгаар ял зэмээ хүртээсэй. Дараа дараагийн эмч нарт сургамж болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top