Монгол, Францын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 01

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан Поль Дюмоныг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд хэлээд, аливаа улс оронд суугаа Элчин сайд бол тухайн улсынхаа нүүр царай нь болж байдаг. Тэр ч утгаараа эрхэмсэг Элчин сайд та Монголчуудын хамгийн сайн найз юм гэлээ.

Түүнчлэн Монгол, Францын харилцаа улс төрийн түвшинд амжилттай хөгжиж байгааг дурьдаад цаашид хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж бидэнд бий гэлээ.

Талууд хамтран тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

Тухайлбал Франц Улс үндэсний Травматологийн төвийг өргөжүүлэх төсөлд зориулж  5 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэн,  Монголын түүх, соёлын өв болсон “Цогт тайж” киног үнэ төлбөргүй сэргээн засварлаж өгснийг жишээ болголоо.

Элчин сайд Жан Поль Дюмон Монгол Улстай ойр дотно хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хэдийгээр чөлөөндөө гарч байгаа ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top