Багш нар маргааш ажил хаяна

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 29

Нийслэлийн цэцэрлэгийн багш нар өчигдөр 08.00-10.00 цагийн хооронд ажил хаялт зарлаж хүүхдүүдээ хүлээж аваагүй. Энэхүү ажил хаялтад 101 цэцэрлэг нэгдсэн. Гэтэл цэцэрлэгийн багш нарын хийсэн сануулга ажил хаялтыг үргэлжлүүлэн маргааш буюу энэ сарын 30-нд ЕБ-ын сургуулийн багш нартай хамтран хоёр цагийн ажил хаялт зарлах гэнэ.

Сургууль, цэцэрлэгийн багш нарын ажил хаялт, мөн ирэх оны төсөвт цалингийн нэмэгдлийн хэмжээг муу тусгагдсан талаархи мэдээллийг маргааш МҮЭХ-ны байранд хийх гэж байна. Мөн ирэх сарын 1-нд багш нарын төлөөлөл БСШУ-ны сайд Ё.Отгонбаяртай уулзахаар тохиролцсон байна.

Хэрэв энэ уулзалтаар ямар нэг шийдвэрт хүрэхгүй бол ирэх долоо хоногоос хугацаагүйгээр ажил хаяхаа багш нар мэдэгдэж байгаа юм. Түүнчлэн залуу багш нарыг цалингийн татвараас тодорхой хэмжээнд чөлөөлөх талаар яригдаж байгаа гэв. Үүнийг багш нар дэмжиж байгаа аж. Учир нь илүү цаг заахыг БШУЯ-наас хориглодог байна. Ингэснээр багш нар гар дээрээ 250-350 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ.

Хэрэв татвараас тодорхой хэмжээгээр хөнгөвчилбөл багш нарын цалин нэмэгдэх боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top