МАН-ын бага хурал хаалттай үргэлжилсээр

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 28

МАН-ын Бага хурал өнөөдөр өглөө Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн билээ. Хуралдааны эхэнд МАН-ын дарга С.Батболд илтгэл тавьсан бөгөөд одоогоор  МАН-ын гишүүдийн Ёс зүйн дүрмийн төслийг хэлэлцүүлж байна. Үүний дараагаар нь бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой төсөл болон зохион байгуулалтын асуудал хэлэлцэх юм. Хурлыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Хэнтий аймгийн МАН-ын дарга Ж.Эрдэнэбаатар нар удирдаж байгаа бөгөөд МАН-ын Бага хурал 226 гишүүнтэйгээр буюу 73 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна.

Намын удирдах хэмжээнд зургаан нарийн бичгийн дарга байх ёстойгоос хоёр нь эмэгтэй байна гэж МАН-ын дрэмд заасан. Үүний дагуу TV5 телевизийн зөвлөх Р.Сарангэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа  нарыг олонхийн саналаар томилсон байна.

МАН-ын Ёс зүйн дүрмийг үдээс хойшх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм. Энэ асуудлын хүрээнд гишүүдийн ёс зүйг хэлэлцэхийн зэрэгцээ  сахилга хариуцлага алдсан гэх хэл аманд өртөөд байгаа аймгийн Засаг дарга нар болон Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан УИх-ын гишүүдийг ч авч хэлэлцэх гэнэ.  

МАН-ын гишүүний Ёс зүйн дүрмийг 2007 оны наймдугаар сард баталж байсан түүхтэй.  Харин энэ дүрмийг шинэчлэн батлах болсон үндэслэл, шалтгааныг тус намын Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Дондог танилцуулсан юм. Өмнөх Ёс зүйн дүрэмд Хяналтын ерөнхий хороогоор Ёс зүйн дүрмийг хэлэлцэн баталдаг байсан бөгөөд Ёс зүйн хороог 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж Хяналтын ерөнхий хорооны дарга нь удирдаж байхаар тусгаж өгсөн. Харин олон улсад намын гишүүний Ёс зүйн дүрмийг нийт гишүүдээрээ батлуулж мөрдүүлдэг. Тиймээс энэ удаад МАН-ын гишүүний Ёс зүйн шинэчилсэн дүрмийг Бага хурлын гишүүдээрээ батлуулж мөрдүүлэхээр болсон нь энэ аж.

МАН-ын  гишүүний Ёс зүйн дүрэм нь ерөнхий байсан учир өнөөдөр зарим нэг нэмэлт зарчим оруулж өгч байгаа гэнэ.  Нийт найман зарчмыг мөрдлөг болгож байгаа бөгөөд үүнд шударга ёс, эв нэгдэл, хариуцлага, хүний эрх, эрх чөлөөг хангах гэх мэт нийт найман зарчмыг мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ. Энэхүү Ёс зүйн дүрэмтэй холбоотой асуудлаар гишүүд санал шүүмжээ хаалттай өрнүүлсээр  байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top