
"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм:
Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа.
Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд оны эхний 8 сарын байдлаар 100-аас дээш хувиар биелсэн дүнтэй байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтэс мэдээлэв. Оны эхнээс уурхайчид 23677 мянган метр куб уулын цул гаргаж төлөвлөгөөг 105 хувь, 11193 мянган метр куб хөрс хуулалт гүйцэтгэж, төлөвлөгөөг 107.5 хувь, нийт 32331 мянган тонн хүдэр олборлож төлөвлөгөөг 102.9 хувиар тус тус биелүүлсэн байна. Харин өнгөрсөн 8 дугаар сард эдгээр үзүүлэлт 99.1-100.9 хувиар биелсэн дүн гарчээ. Исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөө оны эхний 8 сарын байдлаар 112.4 хувьд хүрсэн бол өнгөрсөн сард 111.7 хувиар биеллээ. Энэ хугацаанд 469000 тууш метр өрөмдөж, төлөвлөгөө 103.3 хувийн биелэлттэй байна.
2025 оны эхнээс өнөөг хүртэлх 8 сарын хугацаанд баяжуулагчид 362.0 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөгөө 101.4 хувиар биелүүлж, хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөөг 102.5 хувь, молибдений агуулгын төлөвлөгөөг 104.1 хувиар тус тус давуулсан байна. Түүнчлэн зэсийн баяжмалын чанарын төлөвлөгөө 100.9 хувь, молибдений баяжмалын чанарын үзүүлэлт 107.6 хувиар биелж, оны эхний 8 сард 5791.1 тонн зэсийн баяжмал, 431.2 тонн молибдений баяжмал экспортод ачуулжээ.
Үйлдвэрийн хэмжээнд намар өвөлд бэлтгэх ажил үргэлжилж, бүтцийн нэгжүүд төлөвлөгөөний дагуу өвөлжилтийн бэлтгэл хангаж байна. Ил уурхайд намар өвлийн бэлтгэл 57 хувь, Засвар механикийн завод 62 хувь, Дулааны цахилгаан станц 70.5 хувь, Цахилгаан цех 60 хувь, Ус хангамжийн цех 40 хувиар тус тус хангаж байгааг цехийн удирдлагууд мэдээллээ. Мөн 2025 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хуваарийн дагуу хийгдэж буйг бүтцийн нэгжүүд мэдээлэлдээ онцлов. Өнөөдрийн байдлаар, Ил уурхайн 438 ажилтан буюу 50 хувь нь эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрагдаад байгаа бол Авто тээврийн цехийн нийт ажилтны 59 хувь, Баяжуулах үйлдвэрийн 87 хувь, Засвар механикийн заводын 90 хувь, Дулааны цахилгаан станцын 56 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт оржээ.
Эрдэнэт үйлдвэр, ахисан түвшний англи хэлний мэдлэг эзэмшүүлэх зорилгоор Тalk Talk English Mongolia англи хэлний сургуультай хамтран 3 сарын сургалтад үйлдвэрлэлийн ажилтнуудаа хамруулж байна. Сургалт 9 сарын 1-ний өдрөөс эхэлж байгаа бөгөөд хамрагдах ажилтнуудын нэр бүртгэл, цагийн хуваарийг гарган бүтцийн нэгжүүдэд хүргүүлээд байгааг Хүний нөөц, захиргааны хэлтсээс мэдээлэв. Уг сургалтад хамрагдах ажилтнуудыг сонгон шалгаруулж, үйлдвэрийн эрэлт захиалгаар сургаж буй тул үүнд бүтцийн нэгжийн удирдлагууд суралцагчдын идэвх оролцоонд анхаарч хамтран ажиллахыг уриаллаа.
Энэ сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцана. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, ялангуяа “Оюут”-ын орд газрын геологи хайгуулын төслийн явц, үр дүнг танилцуулахаар төлөвлөж байгааг Ерөнхий инженер онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )