.png)
"Махны үнэ тэнгэрт хаджээ", "Мах идэх аргагүй болж" гэх үг ойрын үед иргэдийн амны уншлага болоод байна гэхэд хилсдэхгүй. Монголчуудын Үндэсний баяр болох Цагаан сарын дараа махны эрэлт болон нийлүүлэлт багасаж, үнэ нэмэгддэг ч энэ удаагийнх шиг "өндөр" үнэд хүрч байсан удаа бараг үгүй. Бидний гол хэрэглээ болсон махны үнэ, түүний эргэн тойронд буй асуудлын талаар тодруулахаар "Хүчит Шонхор" захыг зорилоо.
Тус захад худалдаа эрхлэгчид махны нийлүүлэлт муудсан, мөн иргэдийн худалдан авалт сайнгүй байгаа тул худалдан авалт ч мөн муу байгаа талаар дурдаж байлаа.

-"МАЛЧДЫН ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭХ ЦАГ БОЛСОН"-
"Хүчит Шонхор" захад худалдаа эрхлэгч "Махны үнэ Цагаан сарын өмнө л нэмэгдсэн байсан. Гэхдээ ийм аймар өндөр байгаагүй. Цагаан сарын дараа улам нэмэгдэж, үхрийн мах 30 мянга давж байна. Шалтгаан нь гэвэл махны нийлүүлэлт нэгдүгээрт бага байна. Иргэдийн зүгээс эрэлт их байгаа ч худалдан авах чадвар тааруу байна.
Нэг талаараа малчдад ашигтай гэж харж байна. Малчид малаа маллах гэж яаж зовж, иргэд үнэгүй шахам мах олон жил идлээ шүү дээ. Худалдан авагчид махны үнэ нэмэгдсэн тал дээр санаа зовнилтой байгаа нь харагдаж байна. Гэхдээ малчдын хөдөлмөрийг мөн үнэлэх хэрэгтэй гэж хувь хүнийхээ үүднээс харж байна" гэлээ.
Тус лангуун дээр үхрийн ястай мах 27.000 төгрөгөөр, хавирга 25.000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байсан бол ойролцоох лангуунууд дээр нойтон мах 28-30 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байв.

-"МАЛЧДЫН ЗАХ ҮНИЙН ӨСӨЛТӨД НӨЛӨӨЛЖ БАЙНА"-
Тус захад махны бөөний худалдаа эрхлэгчид болон худалдан авагчид Малчдын зах махны үнийн өсөлтөд нөлөөлж байна гэх байр суурийг илэрхийлж байлаа.
Худалдаа эрхлэгч "Хавар болгон мах ховорддог. Мал төллөх цаг болж байгаа учир мах орж ирэх нь бага байна. Малчид мөн ноос, ноолуураа бэлтгэх гээд мах ховор орж ирж байна.
Намар мах үнэтэй байсан. Малчдын зах дээр махны үнийг 11-12 мянган төгрөгт барьсан шүү дээ. Тухайн үед хувь мах бэлтгэж дарж байгаа хүмүүс бага дарсан. Тиймээс зоорины мах 16.000 хүрээд бараг дуусаж байна. Улсын нөөцийн мах ч мөн адил дуусаж байгаа байх. Эдгээр шалтгаанууд л үнийн өсөлтөд нөлөөлж байгаа байх. Ирэх зургаадугаар сар хүртэл махны үнэ нэмэгдсэн хэвээр байхыг үгүйсгэхгүй.
Намар улс нөөцийн мах бэлтгэнэ гээд 8-9 мянган төгрөгт мах авч бэлдчихээд 13 мянгад зарна гээд байгаа. Улс өөрсдөө зоорьгүй. Ченж нарыг муулаад байдаг хэрнэ өөрсдөө буруу ажиллаад байдаг" гэлээ.
Энэ хэсэгт хонины гулууз мах 16 мянган төгрөгөөс 16.600 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.
Худалдан авагч "Намайг Малчдын зах дээр очиход цөөхөн хүмүүс, бараг мах гээд байх зүйлгүй зогсож байсан. Өнгөрсөн долоо хоногт хонины мах кг-ийг нь 20 мянгаар задгай мах худалдаж авсан. 50 мянган төгрөгөөр 2кг гаруй мах л авсан. Түүнийгээ 5 ам бүлтэй айл гэхэд 7 хоног л идэж байгаа юм. Үхрийн мах худалдаж авна гэвэл үнэ нь бүр хадаж өгнө.
Малчдын зах дээр намар очиход яалт ч үгүй малчид махаа зарж байсан. Саяхан очиход дан ченжүүд шахуу л зогсож байгаа харагдсан. Малчдын зах үнийн өсөлтөд бас нөлөөлж байгаа гэж харж байна. Урьд нь малчин айлаас шүдлэн үхрийн мах 1.3 саяар худалдаж авч байсан юм. Дахиад тэр айлдаа очоод мах авах гэтэл кг-ийг нь 13 мянгаар тооцож өгнө гээд сууж байх жишээтэй. Тэгтэл захаас авч байгаатай ялгаагүй шахам болж байгаа юм. Сайн зохицуулалт л хэрэгтэй байна гэж харж байна" гэв.

-"ГУЛУУЗ МАХЫГ ДУНДУУР НЬ ХУВААЖ ЗАРСАН Ч ИРГЭД ХУДАЛДАН АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА"-
"Хүчит Шонхор" захад бөөний худалдаа эрхлэгч" Хонины нэг гулууз мах хамгийн доод тал 400 мянгаас эхэлж байна. Хөлдөөсөн гулууз махаа дундуур нь хуваагаад тал талаар нь заръя гэсэн хөлдүү учраас эвдэгдэж болохгүй. Нойтон махаа эвдээд, хуваагаад заръя гэсэн ч нэг тал нь л бараг 300-400 мянга хүрч байна.
Мах үнэтэй байгаа учраас хамаг цалин нь маханд явчхаж байгаад иргэд бухимдалтай л байна. Уг нь нөөцийн мах худалдаанд байгаа ч иргэд зах, худалдааны төвөөс худалдан авалт хийх сонирхол нь өндөр байх шиг байна" хэмээн учирлалаа.
.png)
-НӨӨЦИЙН МАХНЫ ЧАНАР ИРГЭДИЙН ХҮЛЭЭЛТЭД НИЙЦЭХГҮЙ БАЙНА-
Энэ жилийн хувьд нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 410 цэгээр нөөцийн махны худалдааг эхлүүлсэн. Энэ жил нийт 5000 гаруй тонн нөөцийн мах бэлтгэсний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна.
Нөөцийн махны хувьд хонины ястай мах 13.000 төгрөг, үхрийн ястай мах 15.000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа бөгөөд он гарснаас хойш нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна.
Иргэдийн хувьд удаан хадгалсан нөөцийн махнаас илүүтэй шинэ буюу нойтон мах худалдан авах сонирхолтой байгаагаа ярьж байлаа. Нөөцийн мах үнэ хямд хэдий ч жижиглэнгийн махны сав, баглаа боодол асуудалтай, чанараа алдсан, яс ихтэй, өөх голдуу байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байлаа.
.png)

Сэтгэгдэл ( 2 )
7 хоног мах идэхгүй бол үхэх болуу ?
7 хоног мах идэхгүй бол үхэх болуу ?