Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас суугаа улсын Гадаад хэргийн яаманд уламжилсан хүсэлтийн дагуу Соёл, биеийн тамир, аялал жуулчлалын яам, Солонгос хэлний үндэсний хүрээлэн энэ оны 3 дугаар сарын 25-ны өдөр нийслэл “Улаанбаатар” хотыг солонгос хэлээр бичих галигт өөрчлөлт оруулсанаа мэдээлэв.
Тухайлбал, суугаа улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд баримт бичгийг боловсруулахдаа Солонгос хэлний үндэсний хүрээлэнгээс лавлагаа авч, Улаанбаатар хотын нэрийг “Ulan Bator”, “울란바토르” хэмээн бичиж ирсэн. Иймд ЭСЯ-наас суугаа улсын ГХЯ-нд хандан Солонгос хэлний үндэсний хүрээлэнд бүртгэлтэй Улаанбаатар хотын нэрийн англи, солонгос галигт өөрчлөлт оруулж, “Ulaanbaatar”, “울란바타르” хэмээн засварлахыг албан ёсоор хүссэн.
Үүнтэй холбогдуулан суугаа улсын Гадаад хэргийн яамнаас "... Монголын тал солонгос зөв бичгийн дүрэм өөрчлөхийг албан ёсоор хүссэн. Мөн Улаанбаатар хотын нэрийг хэрхэн бичих талаар иргэд, олон нийтээс тогтмол асууж байгаа тул энэхүү шийдвэр нь хоёр талын харилцааг хөгжүүлэх, иргэдийн хооронд зөв ойлголтыг түгээхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна ..." хэмээн мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )