”МИАТ” компанийн тусгай нислэгийн багийнханд талархал илэрхийллээ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

”МИАТ” компанийн 23 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нислэгийн багийнханд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийллээ.

Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас Монгол Улсын 91 иргэнийг эх орондоо аюулгүй тээвэрлэн авчрах эрхэм үйлсийг мэргэжлийн өндөр ур чадвараар нэр төртэй, амжилттай гүйцэтгэсэн “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн багийн гишүүдэд Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан болон иргэний нисэхийн салбарын удирдлагууд, ЗТЯ-ны хамт олон талархал илэрхийлж хүндэтгэл илэрхийллээ.

Олон улсын геополитикийн нөхцөл байдал ийм хүнд цаг үед Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлд 15,600 км замыг 19 цаг гаруй хугацаанд туулан эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг авчрах тусгай үүргийн нислэгийг богино хугацаанд амжилттай зохион байгуулсан “МИАТ ТӨХК-ийнтусгай нислэгийн багийн гишүүдэд, тус байгууллагын удирдлагуудад салбарын сайдын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан хэлэхдээ “Монгол Улсын иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, эх орондоо аюулгүй тээвэрлэн авчрах эрхэм үйлсийг мэргэжлийн өндөр ур чадвараар нэр төртэй, амжилттай гүйцэтгэсэн “МИАТ” компанийн хамт олон та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, цааш цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэж байна” гэлээ.

Мөн “Агаарын хөлгийн багийн гишүүн бүрийн хичээл зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадварын үр дүнд энэхүү нислэг амжилттай үйлдэгдэж, Монгол Улсын иргэд эх орондоо эрүүл энх, эсэн мэнд аюулгүй хүрэлцэн ирлээ” гэдгийг онцлон тэмдэглэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top