
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, эрт илрүүлгийн нэгдсэн кампанит ажлыг албан ёсоор эхлүүлээд байгаа билээ. Монгол Улсын хэмжээнд нэгт элэгний хавдар, хоёрт ходоод болон хоол боловсруулах эрхтний хавдар, гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар тэргүүлж байна. Иймд нийслэлийн хэмжээнд 11 настай хүүхдүүдийн умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин, эрт илрүүлгийн кампанит ажлыг эхлүүлжээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин дараах мэдээллийг өглөө.
А.Амартүвшин: Бидний гаргаж ирж буй прогнозоор бол 2027 он гэхэд хавдрын 650 эерэг тохиолдол гарахаар байна. 2028 он гэхэд бараг 1000 руу дөхөх асуудал хөндөгдөж байна. Үүнтэй холбогдуулан бид ерөндөг буюу вакциндаа хамрагдах зайлшгүй шаардлагатай.
Тиймээс бид эмэгтэйчүүд гэхээсээ илүүтэй эрчүүддээ уриалмаар байна. Та бүхэн өөрсдийнхөө хайртай ээж, эхнэр, охидуудаа авчаар энэхүү ерөндөгт хамруулах хэрэгтэй. Ингэснээр умайн хүзүүний хорт хавдар гэдэг зүйлээс танай гэр бүл, цаашлаад Монгол улсын ирээдүй болсон эмэгтэйчүүдийн дунд байгаа хамгийн зовлонт өвчин болоод буй энэхүү өвчнөөс бүрэн ангижрах хөрсийг бид тавих ёстой" гэлээ.
Улсын хэмжээнд 2024 онд 8162, 2025 онд 8016 хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн нь өвчлөл буурахгүй байгааг харуулж байна. Өдөрт дунджаар 20 иргэн хорт хавдрын онош сонсдог байна. Нийт хүн амын 55 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгааг тооцвол нийслэлд өдөрт 12-13 хүн хорт хавдрын онош сонсож байна гэсэн үг.
Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папилома вирусийн вакцинд 11 настай охид, хөвгүүдийг хамруулах ажлыг эрчимжүүлж байна. Өмнөх жилүүдэд зорилтот бүлгийн хүүхдүүдийг бүрэн хамруулж чадаагүй.
Тухайлбал, 2024 онд 40 мянган хүүхэд хамруулахаар төлөвлөсөн ч 8000 хүүхэд вакцинд хамрагдсан бол 2025 онд 19 мянган хүүхэд хамрагдсан. Энэ нь төлөвлөсөн тооны 50 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт юм.
Иймд 2026 онд вакцинжуулалтыг өргөн хүрээний мэдээлэл, нөлөөллийн кампанит ажил болгон зохион байгуулж, зорилтот бүлгийн хамгийн багадаа 90 хувийг хамруулах зорилт дэвшүүлж байна. Нийслэлийн хэмжээнд уг кампанит ажлыг сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дунд шат дараатай зохион байгуулж, хавдрын өвчлөлийг бууруулах урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлжээ.
Монгол Улсын 1.6 сая хүн амын 864 мянга нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл нийт эмэгтэйчүүдийн 124 мянга нь л эрт илрүүлэгт хамрагдсан нь 20 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт юм. Иймд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах, эрт илрүүлэгт идэвхтэй оролцох хэрэгтэй. Мөн вакцины үр дүн богино хугацаанд бус 10-15 жилийн дараа бодитоор харагдана гэдгийг албаныхан онцолж, эмэгтэйчүүдийг эрт илрүүлэгт тогтмол хамрагдах, эцэг эхчүүдийг хүүхдүүдээ вакцинд хамруулахыг уриаллаа. Вакцин болон эрт илрүүлэгт дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдээр дамжуулан хамрагдах боломжтой юм.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )