Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдрийг тэмдэглэж байна

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдрийг “Эмийн болон анхилуун үнэрт ургамал: Эрүүл мэнд, өв соёл, амьжиргааг хамгаалах нь” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр нь хүн төрөлхтөн байгальтайгаа зохицон орших, биологийн олон янз байдлыг хамгаалах хамтын хариуцлагыг сануулахын зэрэгцээ байгалийн нөөцийг тогтвортой ашиглахын ач холбогдлыг дэлхий нийтэд уриалан таниулах онцгой ач холбогдолтой өдөр юм.

Одоогийн байдлаар Монгол орны ургамлын аймагт 497 овогт хамаарах 1723 төрлийн 7620 зүйл гуурсгүй болон гуурст ургамал бүртгэгдсэн байна. Үүнд 631 зүйл дээд мөөг, 2289 зүйл замаг, 1079 зүйл хаг, 580 зүйл хөвд, 3041 зүйл гуурст ургамал багтаж байна. Эдгээрээс 133 зүйл нь нэн ховор, 356 зүйл нь ховор, 102 зүйл нь зөвхөн Монгол оронд ургадаг эндемик ургамал бөгөөд 186 зүйл усны, 82 зүйл үлдвэр, 1000 гаруй зүйл эмийн, 70 орчим зүйл үнэрт ургамал байна.

Монгол орны амьтны аймагт 144 зүйл хөхтөн, 519 зүйл шувуу, 78 зүйл загас, 6 зүйл хоёр нутагтан, 22 зүйл мөлхөгч, 13000 гаруй шавж тус тус бүртгэснээс тархац нутагтаа тоо толгой нь эрс цөөрч устах аюулд өртсөн 31 зүйл нэн ховор, 76 зүйлийн ховор амьтны жагсаалтад оруулан хамгаалж байна. 2026 онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн дэмжлэг, эрдэмтэн судлаачдын дэмжлэгээр 76 зүйл загас, 7 зүйл хоёр нутагтан, 25 зүйл мөлхөгчид, 141 зүйл хөхтөн амьтдын Улаан дансны үнэлгээг шинэчлэн боловсруулж гаргасан.

Дэлхийн олон оронд хүн амын дийлэнх хэсэг уламжлалт анагаах ухаанд тулгуурлан анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа бөгөөд эмт, үнэрт ургамал нь орчин үеийн эмийн үйлдвэрлэлийн чухал эх үүсвэр хэвээр байна. Үүний зэрэгцээ эдгээр ургамал нь экосистемийн тэнцвэрийг хадгалах, хөрс хамгаалах, тоос хүртээгч амьтдын амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ач холбогдолтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top