Барби Сюгийн гэр бүлийнхэн Dj Koo-тэй холбоотой өв залгамжлалын асуудлаар АМ НЭЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Тайванийн алдарт жүжигчин Барби Сю одоогоос нэг жилийн өмнө уушгины хатгалгаа өвчний улмаас таалал төгссөн билээ. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Dj Koo Барби Сюг нас барсны дараа өв залгамжлалтай холбоотой маргаанд оролцсон гэх мэдээлэл цацагджээ. Энэ талаар Барби Сюгийн гэр бүлийнхэн анх удаа ам нээн, тайлбар хийжээ. 

Dj Koo-г хадам ээжтэйгээ хуулийн дагуу заргалдахаар зэхэж байгаа гэх мэдээлэл цацагдсан бөгөөд Барби Сюгийн ээж "Би мөнгө болон хүний хүчийг үрдэг шүүх ажиллагаанд дургүй. Тиймээс энэхүү яриаг үгүйсгэж байна. Dj Koo-г би өөрийн хүү шигээ санадаг. Тэр охинд минь маш их хайртай, мөн намайг хүндэлдэг, би ч түүнд хайртай" гэжээ. 

Талийгаачийн дүү Ди Сю "Ийм цуурхал тарааж байгаа хүмүүсийн санаа, зорилго ямар жигшмээр юм бэ. Хүргэн ах болох Dj Koo эгчийг минь хамгийн ариун, нандин хайраар хайрлаж, жинхэнэ аз жаргал гэж юу болохыг мэдрэх боломжийг олгосон нэгэн. Тэр бол бидний гэр бүл, бид түүнийг хамгаалах болно, түүнийг хэзээ ч гомдоохгүй" хэмээсэн байна. 

Тайванийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан мэдээлэлд талийгаачийн хөрөнгө ойролцоогоор 650 сая Тайвань доллар буюу ойролцоогоор 19.64 сая ам.долларт хүрнэ гэжээ. Тус улсын хуулийн дагуу Dj Koo талийгаачийн хүүхдүүдийн хамтаар энэхүү хөрөнгийг гурав хуваан авах эрхтэй бөгөөд Dj Koo энэ тухай "Барби өөрийн бүр өв, хөрөнгөө хайртай гэр бүлээ хамгаалахын тулд цус, хөлсөө дуслуулан байж цуглуулсан. Би өөрийн бүх хувийг хадам ээждээ шилжүүлэх бодолтой байна. Хүүхдүүдэд өвлөгдөх хөрөнгийг тэднийг насанд хүртэл нь хадгалж, хөндлөнгийн оролцооноос сэргийлэхийн тулд хуулийн дагуу шийдвэрлэнэ" хэмээж байжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top