
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзлаа.
Уулзалтаар Монгол–Францын хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн талаар санал солилцов.
Шадар сайд Х.Ганхуяг, Франц улс манай "гуравдагч хөрш" Европ дахь найдвартай түнш учир бид хоёр талын харилцаа, тал бүрийн хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг. Харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсэд үндэслэсэн манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэж итгэл дүүрэн байна.
Бид энэхүү харилцаагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийг эрмэлздэг. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд Франц улсын "Orano Mining" компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ Монгол Улсын хувьд "Оюу толгой" төслийн дараа "гуравдагч хөрш" улстай байгуулсан хоёр дахь томоохон гэрээ. Манай холбогдох байгууллагууд байгаль орчны нөхцөл байдлын үнэлгээг гаргахад шаардлагатай арга хэмжээг эцэслэн гүйцэтгэхээр ажиллаж байна гэдгийг онцоллоо.
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера, манай хоёр улс нийтлэг үнэт зүйлс, ашиг сонирхолд тулгуурласан харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа талаар Шадар сайд Х.Ганхуягтай санал бүрэн нийлж байна.
Хоёр талын энэхүү харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар болон "Орано" компанитай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, сансрын хиймэл дагуулын төсөл болон Францын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Төлөөлөгчийн газрыг Монгол Улсад энэ жил нээх нь чухал ач холбогдолтойг онцоллоо.
Мөн Онцгой байдлын салбарт хэрэгжүүлж байгаа Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах чадавхыг сайжруулах төсөл бол Францын мэдлэг туршлагыг Монголд нутагшуулах, монгол мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах зэргээр үр өгөөжийн хувьд үлгэр дуурайлал болж буйг илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )