Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Бүгд Найрамдах Турк Улсын Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Мустафа Бүтүн, дэд зохицуулагч Өзгүр Юусуф Ыйлдырым нарыг өнөөдөр (2026.02.10) хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар БНТУ-ын Хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Гадаадын иргэн, харьяатын газар нь БНТУ-ын Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газартай найрсаг хамтын ажиллагаатай бөгөөд 2020 оноос хойш “Immigration Printing”, “Цагаачлалын байгууллагын мэдээллийн технологийн чадамжийг сайжруулах” төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх цахим үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, бодит үр дүн гарч буйг ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр онцоллоо. Тухайлбал, төсөл хэрэгжихээс өмнө жилд дунджаар 25 мянга орчим оршин суух үнэмлэх хэвлэж олгохоор тооцоолж байсан бол төслийн үр дүнд гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэлт 3.2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Цаашид мэдээллийн технологийн чадавхыг бэхжүүлэх бодлогын хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан цахим систем нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх саналыг уламжлав.
БНТУ-ын Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг нь Монгол Улсад 1994 оноос төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2002 онд Улаанбаатар хотод Програм зохицуулах газраа албан ёсоор нээсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, захиргаа болон иргэний дэд бүтцийн хөгжил, соёлын хамтын ажиллагаа, ус, ариун цэврийн чиглэлээр нийт 900 төсөл амжилттай хэрэгжүүлээд байгааг БНТУ-ын Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Мустафа Бүтүн уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ.
Мөн Гадаадын иргэн, харьяатын газрын цахим виз олголтын үйл ажиллагаатай танилцаж, үйлчилгээний цахим системийг илүү боловсронгуй болгох, хүчин чадлыг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )