АНУ, ОХУ хоёр улсын зэвсэгт хүчний командлал хоорондын өндөр түвшний харилцаа холбоогоо сэргээхээ тохиролцжээ. Талууд Абу Даби хотноо болсон Украины асуудлаарх яриа хэлэлцээний үеэр ийм тохиролцоонд хүрсэн байна.
Энэхүү үйл явдал нь дэлхийн хоёр цөмийн их гүрнийг ойртуулахад чухал ач холбогдолтой гэж шинжээчид онцлоод Стратегийн давшилтат зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээний хугацаа дууссан өдөр ийн зарласныг онцлон дурджээ.
Үүнтэй зэрэгцэн Цагаан ордны тэргүүн Доналд Трамп энэхүү гэрээг сунган шаардлагагүй, шинийг байгуулахыг санал болгож байна. “Бид урт хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх шинэ илүү боловсронгуй хэлэлцээрийн төслийг боловсруулахыг цөмийн шинжээчдэдээ даалгах учиртай” гэж Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээнд бичжээ.
2010 онд байгуулсан Стратегийн давшилтат зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээ ёсоор талууд стратегийн цөмийн цэнэгт хошууг 1550, цөмийн бөмбөгдөгч онгоц болон пуужин тээвэрлэгчийн тоог 700-аар хязгаарлах үүрэг хүлээсэн билээ. Энэхүү гэрээний хугацаа дууссанаар тус хоёр цөмийн их гүрэн сүүлийн хагас зуунд анх удаа цөмийн амбицыг нь хазаарлах хууль зүйн механизмгүй болоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )