БНСУ-ын Ерөнхийлөгч сахарт онцгой албан татвар ногдуулах санал гаргажээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён сахрын өндөр агууламжтай бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах боломжийг судлахыг санал болгожээ. Татвараас олох орлогыг эрүүл мэндийн хэрэгцээнд зориулах зорилготой.

Онцгой албан татвар ногдуулах замаар сахрын хэрэглээг хязгаарлаж, олсон орлогоо бүс нутгийн болон нийгмийн эрүүл мэндийг бэхжүүлэхэд зарцуулах саналаа тэрбээр Х сүлжээгээр дамжуулан дэвшүүлсэн байна.

Судалгаанаас үзвэл өмнөд солонгосчуудын 80 хувь нь сахрын өндөр агууламжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад онцгой албан татвар ногдуулах саналыг дэмжиж байгаа аж. Судалгаанд оролцогчдын 75 хувь нь хийжүүлсэн ундаа, 72 хувь нь нарийн боов, чихрэн бүтээгдэхүүнд татвар ногдуулах ёстой гэж үзжээ. Түүнчлэн иргэдийн 94.4 хувь нь ийм төрлийн бүтээгдэхүүний сав баглаан дээр сахар эрүүл мэндэд хортой болох тусгай сануулгыг гаргаж байхыг дэмжсэн байна.

Нийт 1030 хүн оролцсон судалгааг Сөүлийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн соёлын судалгааны байгууллага явуулжээ. Дэлхийд нийт 120 орчим улс орон сахрын өндөр агууламжтай бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах зэрэг арга хэмжээ авсан байдаг. Тухайлбал, 2018 онд Их Британи хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгчдэд татвар ногдуулсны дараа бүтээгдэхүүнд нь агуулагдах сахрын хэмжээ 47 хувиар буурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top