Элчин сайд А.Төмөр ТАЙЛАНДАД Жанрайсаг бурхан бүтээлгэжээ

Г.Билгүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнгөрөгч 2025 оны тавдугаар сард Монгол Улсаас Тайланд Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон Бангкок хотын Клонг Тоэй дүүргийн Сукхумвит 24 дэх орон сууцны 17 давхраас унаж нас барсан хэрэг гарсан.

Уг хэрэгт талийгаач бүсгүйн ар гэрийнхэн А.Төмөрийг буруутгаж, түүнийг талийгаач эхнэрийнхээ цогцсыг зөөсөн, ар гэрийнхийг нь очихоос өмнө чандарласан, гар утсыг нь нуусан хэмээж байсан юм. Улмаар А.Төмөрийг албан тушаалаас нь эгүүлэн татах шийдвэрийг Гадаад харилцааны яамнаас гаргаж,  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл түүнийг эгүүлэн татаагүй хэвээр байна.

Харин ч элчин сайд А.Төмөр "Тайланд улсад 16 метр өндөр, 30 тонн жинтэй Жанрайсаг бурхныг бүтээлгэж, бурхны шашинтай гадаад улсад Монгол хүн анх удаа Жанрайсаг бурхан бүтээсэн түүхэн үйл явдал боллоо" хэмээн олон нийтэд мэдээлж эхэлжээ.

Эргэн сануулахад, А.Төмөр нь Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, академич Ж.Амарсанаагийн хүү бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сард Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А. Төмөрийг томилуулах санал гаргаж, УИХ дэмжсэн. Тухайн үед Гадаад харилцааны сайдаар өнөөгийн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ажиллаж байв. А.Төмөр 2020 оны долоодугаар сараас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж эхэлсэн. Элчин сайд А.Төмөрийн Тайландад суух бүрэн эрхийн хугацаа 2024 оны долоодугаар сард дууссан ч түүний бүрэн эрхийн хугацааг нэг жилээр сунгаж, 2025 онд бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top