Хятад, Оросын хамтын ажиллагаанд гуравдагч тал хөндлөнгөөс оролцох хэрэггүй гэж мэдэгдэв

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 24

Хятад, Оросын хамтын ажиллагаанд гуравдагч тал хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Украины мөргөлдөөнийг зохицуулахын тулд яриа хэлэлцээ хийх шаардлагатай болохоос албадлага байх ёсгүй гэж АНУ-д суугаа БНХАУ-ын элчин сайдын яамны хэвлэлийн албаны дарга Лю Пэньюй мэдэгдсэн байна.

Тэрээр Оросын “Лукойл”, “Роснефть” компаниуд болон тэдгээрийн охин компаниудын эсрэг АНУ-ын нэвтрүүлсэн хоригийг тайлбарлахдаа, “Олон улсын эрх зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс батлаагүй хоригийг дангаар нэвтрүүлэхийг Хятад улс эсэргүүцнэ. Хятад, Оросын хоёр талын хэвийн хамтын ажиллагаа нь гуравдагч талын эсрэг чиглээгүй бөгөөд аль нэг гуравдагч тал үүнд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Яриа хэлэлцээ хийх нь Украины хямралыг зохицуулах цорын ганц бодит шийдэл юм” гэж тэмдэглэжээ.

АНУ-ын Сангийн яам тус улсын нэвтрүүлсэн багц хоригт “Лукойл”, “Роснефть” компаниуд болон тэдгээрийн охин компаниудыг оруулсан юм. Энэ нь Оросын эрх баригчдад хүчтэй шахалт үзүүлнэ хэмээн АНУ-ын засаг захиргаа тооцож байгаа ажээ. Америкийн шинэ хориг ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдалд мэдрэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй бөгөөд дөнгөж сэргэж эхэлж байгаа хоёр талын харилцаанд саад учруулах найрсаг бус алхам болно гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top