ХӨВСГӨЛ | Тарваган тахлаар нэг хүн нас барж, 88 иргэн халдвар авчээ

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 09 сарын 08

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн нутаг "Тагийн нуур" гэдэг газар /Аймгийн төвөөс баруун урд зүгт 152км, сумын төвөөс баруун урд зүгт 30км/-т тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол гарч, нэг хүн амь насаа алдаж, 88 хүний PCR шинжилгээний хариу эерэг гарсан тул өчигдөр /2025.09.07/ шөнө тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, 72 цагийн хатуу хөл хорио тогтоон аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна. 

Иймд иргэд та бүхэнд тус өвчний тухай, илрэх шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.

Тарваган тахал дараах замаар хүнд халдварладаг.

• ШУУД ХАВЬТАЛ

• ДАМ ХАЛДВАР

• АГААР ДУСАЛ

• ХООЛ ХҮНС

-Шууд хавьтлын зам. өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салстын бүтэн байдал алдагдсан үед болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд, зүйлстэй хамгаалах өмсгөлгүйгээр харьцсанаас арьсны болон булчирхайн хэлбэрийн тахлаар өвчилнө. Дам халдварын зам. --Мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, цус сорогч үе хөлтөн хазуулах зэрэг тохиолдлуудад халдварлана.

Агаар дуслын зам. Тарваган тахлын уушигны хэлбэрээр өвчилсөн хүн түүний нэгдүгээр хавьтлаас халдварлана. Лабораторид осол гарсан үед уушигны хэлбэрээр өвчилж болно.

-Хоол хүнсний зам. Тахлаар өвчилсөн тарваганы мах, махан бүтээгдэхүүнийг дутуу боловсруулан хэрэглэх явцад халдварлана.

-Тархвар судлалын үндэслэл: - Тарваган тахлын голомтот нутагт амьдардаг эсэх - Тарвага, зурмыг агнасан, арьсыг өвчсөн, мах эвдсэн эсэх - Тарвага зурам зэрэг мэрэгчдийн бүүрэг, бөөсөнд хазуулсан эсэх - Тарваган тахлын сэжигтэй болон өвчтэй хүнтэй цуг байсан эсэх - Тарваган тахлын халдвартай байж болзошгүй эд, зүйлстэй харьцсан эсэх

-Дархлал: Тарваган тахлаар өвчилсний дараа дархлал тогтоох боловч тодорхой хугацааны дараа дахин өвчилж болно. Дархлаажуулалтын дараа идэвхгүй дархлаа /6 сар орчим/ тогтоно.

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илэрнэ.

ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Тарвага агнахгүй, арьсыг нь өвчихгүй байх

Тарваганы мах, дотор эрхтнийг түүхийгээр хэрэглэхгүй байх

Агнасан тарвага, түүний махыг хөлдөөж хадгалахгүй, тээвэрлэхгүй байх

Тарвага, тулам худалдах болон худалдаж авахгүй байх

Бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлж тарваганы нүх, дош руу ойртохгүй байх

Тарваганы үхдэл, сэг зэм, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал гар хүрэхгүй байх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top