Домогт Грег Луганис олимпын медалиудаа зарж, амьдралаа шинээр эхэлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 02

1976, 1984, 1988 оны олимпын наадамд оролцож, дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртсэн домогт усанд үсрэгч Грег Луганис 65 насандаа амьдралаа дахин шинээр эхлэхээр сэтгэл шулууджээ.
 


Үүний тулд тэрбээр байшингаа зарж мөн олимпын хоёр алт, нэг мөнгөн медалиа дуудлага худалдаагаар борлуулжээ. Гурван медалиа 80 мянган ам.доллараас эхлэн үнэ дуудуулсан ч тооцож байснаас хавьгүй өндөр үнээр буюу 437 мянган ам.доллараар зарж чадсан байна.
 


“Зарим хүмүүс намайг олимпын медалиудаа битгий зар гэсэн ч өөрийнхөөрөө шийдсэн юм. Үнэндээ надад мөнгө хэрэгтэй байлаа. Хүмүүс бизнес хийж мөнгө олдог бол надад медалиуд минь л байсан. Байсанд нь талархая” хэмээн Грег Луганис өгүүлжээ.
 


1988 оны Сөүлийн олимпын өмнө ДОХ туссан ч түүнийгээ нууж оролцоод, сүүлчийн үсрэлтээ хийхдээ тавцанд толгойгоо цохиж, бассейнд цусаа дусаачихвий гэсэн айдастаа автаж явсан адармаатай түүхтэй аугаа тамирчин АНУ-аас нүүж, Панамд амьдрахаар шийдсэн гэнэ.
 


“Байшингаа бас зарсан. Вулси болон Палисэйдст дэгдсэн түймрийн улмаас гэр орон нь шатсан олон найз нөхөд надад бий. Тэр бүхнийг хараад байшингаа зарж, илүү хөнгөн амьдаръя гэж бодсон юм. Энэ бол миний л сонголт. Одоо зүрхээ нээгээд өмнөө байгаа хаалгыг ч мөн нээмээр санагдаж байна. Шинэ шинэ боломжуудыг өөртөө нээхийг хүснэ.
 


Би бусдад тааруулж амьдрах гээд өөрийгөө түгжчихсэнээ ойлгосон. Гэвч хүмүүс намайг юунд, яаж хүрснийг маань одоо хүртэл бүрэн дүүрэн үнэлж, ухамсарлаагүй мэт санагдсан юм” гэж Грег Луганис өгүүлжээ.
 


1994 онд Грег Луганис ижил хүйстэн гэдгээ ил зарлаж, ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн нэг болсон. Хэдийгээр одоо Панам руу нүүж амьдрахаар болсон ч гэлээ саяхан IAE-тай гэрээ байгуулж, телевизийн хөтлөгчөөр ажиллахаар болжээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top