Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг их хурал дэмжихгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 05 сарын 29

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор “Огцрох амархан” жагсаалынхан УИХ-ын дарга болон гишүүдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уг уулзалтын талаар УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ “Өнөөдөр жагаал хийж байгаа залуучууд санал тавьж, уулзалт хийлээ. УИХ-ын зүгээс таван нам эвслийн төлөөлөл жагсагч нартай уулзлаа. Ямар ч байсан Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлын тогтоол ирсэн байна. Ирэх даваа гарагаас процесс явагдаж эхэлнэ. 10 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.

Чуулган нээлттэй явагдах учир эндээс тодорхой хариултууд гарна. Нөгөө талаас парламентийн засаглалыг улам төгөлдөржүүлэхээр ажиллана, үндсэндээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Ерөнхийлөгчийн засаглалтай болгох асуудлыг их хурал дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлсэн. Эдгээр хүмүүс 16 хоног жагсаж байна. Энэ хугацаанд жагсагч залуучуудад дарамт шахалт ирж байгаа эсэхийг Хуульзүйн байнгын хорооноос хяналт тавина. Цаашид байнгын хороодоор асуудлууд нээлттэй байна гэдэгт санал нэгдлээ” гэсэн юм.

Түүнчлэн УИХ-н чуулганд Ерөнхий сайд оролцож, бүх асуултад нээлттэй ярьж хариулна, үүнд эргэлзэх хэрэггүй гэдгийг залуучуудад уламжилсан. Өргөн барьсан тогтоолын төслийг баталвал цаашид Ерөнхий сайд ажлаа үргэлжлүүлнэ, батлахгүй бол огцорсонд тооцож, дараагийн Ерөнхий сайдын асуудал яригдана гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu