Украины талаас Оросын нутаг дэвсгэрт пуужингийн цохилт өгөх алсын тусгалд тогтоосон хоригийг цуцлах тухай Европын хэд хэдэн орны гаргасан шийдвэрийг маш хариуцлагагүй үйлдэл гэж Германы “Сара Вагенкнехтын холбоо – саруул ухаан, шударга ёсны төлөө” намын дарга Сара Вагенкнехт үзэж байна.
“Германы зэвсгээр Орост өгөх цохилтын алсын тусгалд тогтоосон хоригийг цуцлах тухай Фридрих Мерцийн шийдвэр тун хариуцлагагүй үйлдэл бөгөөд эцсийн бүлэгт Германд дайн авчирч болзошгүй юм. Хэрэв Германы зэвсгээр, магадгүй, алсдаа Taurus пуужингаар Оросын хотуудад цохилт өгөх нь Орост дайн зарласантай адилхан” гэж тэр онцолжээ. Түүний хэлснээр, “Сара Вагенкнехтын холбоо – саруул ухаан, шударга ёсны төлөө” нам Украины талаарх ХБНГУ-ын засгийн газрын бодлого болон ялангуяа Украины талд Taurus пуужин нийлүүлэхийг хориглох асуудлаар бүх ард түмний санал хураалт явуулахыг шаардаж байгаа ажээ.
Украинд нийлүүлэх зэвсгийн алсын тусгалд тогтоосон хоригийг цуцлах шийдвэр нь мөргөлдөөний явцад нөлөө үзүүлэхгүй, харин улам даамжруулахад хүргэж болзошгүй хэмээн үзэж байгаагаа Зүүн намаас сонгогдсон Бундестагын депутат Зёрен Пелльман мөн илэрхийлсэн байна. Герман улс Украинд нийлүүлэх зэвсгийн алсын тусгалд тогтоосон аливаа хоригийг цуцалж байгаа тухай тус улсын канцлер Фридрих Мерц даваа гарагт мэдэгдсэн аж. Түүний хэлснээр, Их Британи, Франц улсын эрх баригчид мөн ийм шийдвэр гаргасан гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )