Удирдаач Т.Юндэн Ж.Вердийн анхны дууриа удирдана

2025 оны 04 сарын 29

Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн томоохон бүтээлүүдийн нэг болох "Трубадур" дуурь нь дөрвөн бүлэг, найман үзэгдэлтэй. Энэ дуурийг анх 1853 оны нэгдүгээр сарын 19-нд Ромын Аполло театрт тоглож байсан бол 140 гаруй жилийн дараа Монголын тайзнаа амилуулсан билээ.

Дуурийг анх тавьсан тэр өдөр аймшигтай аянга цахилгаантай байсан гэдэг. Энэ нь дуурийн агуулгыг илүү тодруулж өгснөөс ч тэр үү "Трубадур" анх тавигдсан өдрөөсөө эхлэн өнөөдрийг хүртэл зуун дамжин үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Бидний амьдралын нэгэн хэсэг болсон олон аялгуу, дуу "Трубадур" дууриас эхтэй.

Иргэний дайны түүхэн цаг үе, түүний дунд хайр сэтгэл, өшөө хорсол, үзэн ядалт, баяр гуниг зэрэг хүний амьдралд тохиож болох сэтгэлийн олон янз хувирал, дотоод зөрчил, мөн чанарыг хөгжмөөр гайхамшигтай илэрхийлж чадсан "Трубадур" үзэгчдийг өөртөө бүрэн автуулах увдистай бүтээл юм.

Дуурийн цомнолыг Антонио Гарсиа Гутиеррезийн 1836 онд бичсэн "Эль Троватор" хэмээх драмын жүжгээс сэдэвлэн Салваторе Каммарано бичсэн байна. Дуурьд 15-р зууны үйл явдлыг өгүүлэх ба Ди Луна гүнгийн өвчтэй бага хүүг нэгэн цыган авгай хорлосон гэж ам дамжин ярьцгаадаг. Ингэж гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө цыган авгайг амьдаар нь шатаажээ. Үхэхийнхээ өмнө цыган авгай өөрийнхөө өшөөг заавал аваарай гэж охиндоо захиад нэгэн нялх хүүг үрчлүүлэн орхино. Хэдийгээр гүнтэн шулам авгайн шатсан ясыг харсан ч өөрийнхөө хүүг үхээгүй гэж итгэсээр насыг барна. Тиймээс Ди Луна гүн зэрэг залгамжилсан өөрийн том хүүд Азученаг заавал олохыг даалгана... Дуурийн үйл явдал нь Азучена болон залуу Ди Луна гүнтэн, түүний хайртай бүсгүй, гүнгийн эхнэр болохоор хүлээж буй Леонора хатагтай, гүнгийн өрсөлдөгч Манрико (гүнгийн төрсөн дүү боловч тэд өөрсдөө мэдэхгүй) гэсэн дөрвөн дүр дээр тулгуурлан XV зууны Испанийн иргэний дайны үед өрнөснөөр үгүйлнэ. 

Ж.Верди амьдралынхаа ихэнх хугацаанд энгийн ард түмний дуу хоолой болж, тэдний мэдрэмжийг хөгжмөөрөө илэрхийлж байжээ. "Трубадур" дуурьд ч тэрээр хайр, өшөө хорсол, хувь тавилангийн гунигийг гайхамшигтайгаар харуулдаг.

Ж.Вердигийн хөгжим удирдаачаас маш өндөр мэдрэмж, хөгжмийн эрч хүчийг нарийн удирдах чадвар, дуучдын сэтгэл хөдлөлийг дэмжих уян хатан байдал шаарддаг бөгөөд энэ удаа удирдаач Т.Юндэн анх удаа Ж.Вердийн дуурь удирдаж, гайхалтай үдшийг үзэгчдэд бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu