ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 11

Өнөөдөр 2025.02.11. Энэ оны 42 дахь өдөр бөгөөд он дуусахад 323 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 05 минутад мандаж, 18 цаг 08 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 12 хэм, шөнөдөө 21 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын шинжлэх ухааны салбарын эмэгтэйчүүдийн өдөр. Либерид өнөөдөр Зэвсэгт хүчний өдөр бол АНУ-д Зохион бүтээгчдийн, Японд Үндэсний сангийн, Камерунд Залуусын өдөр юм.

Энэ өдөр Испанийн дуучин, жүжигчин Хоселито, Америкийн инженер, сансрын нисэгч Ричард Мастраккио, Грэммийн есөн удаагийн шагналт дуучин Шерил Кроу, жүжигчин Женнифер Энистон, дуучин, жүжигчин Келли Роуленд, Сара Батлер, Их Британийн жүжигчин Натали Дормер, Нидерландын хөлбөмбөгч Рафаэл Ван дер Варт, Япон, Хятадын дуучин, «Morning Musume» хамтлагийн гишүүн Жүн Жүн буюу Ли Чунь зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1938 оны энэ өдөр BBC телевиз анхны шинжлэх ухааны уран зөгнөлт теле нэвтрүүлгийг гаргаж эхэлжээ.

1943 оны энэ өдөр Сталин ЗСБНХУ-д атомын бөмбөг бүтээж эхлэх тухай Улсын батлан хамгаалах хорооны шийдвэрт гарын үсэг зурсан байна.

1970 оны энэ өдөр Японы анхны хиймэл дагуул “Осүми” тойрог замд  оржээ.

1972 оны энэ өдөр Рас-эль-Хайма эмирт улс Арабын Нэгдсэн Эмирт улсын бүрэлдэхүүнд оров.

1980 оны энэ өдөр Владимир Меньшовын “Амьдрал нулимсанд дургүй” киноны нээлт болжээ. 1981 онд энэхүү кино «Оскар»-ын Гадаад хэл дээрх шилдэг кино болсон билээ.

2011 онд Египетэд хувьсгал болж, тус улсын ерөнхийлөгч Хосни Мубарак төрийн эрхээс Зэвсэгт хүчний дээд зөвлөлд шилжүүлэв.

Билгийн тооллын 14. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top