ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 10

Өнөөдөр 2025.02.10. Энэ оны 41 дахь өдөр бөгөөд он дуусахад 324 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 07 минутад мандаж, 18 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 11 хэм, шөнөдөө 20 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Эпилепситэй тэмцэх олон улсын өдөр тохиож байгаа бол Энэтхэг Чихмэл баавгайн өдөр, АНУ-д Борооны шүхрийн баяр, Ираны Залуусын өдөр, Иракт Курд зохиолчдын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн усанд сэлэгч, олимпын есөн удаагийн аварга, дэлхийн олон удаагийн рекордын эзэн Марк Спитц, Америкийн жүжигчин, продюсер Лора Дерн, Элизабет Бэнкс, Эмма Робертс, Хлоя Морец, Германы жүжигчин Том Шиллинг зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр Гадаадын худалдааны пүүсүүдэд татвар ногдуулах тухай дүрмийг баталжээ.

1976 оны энэ өдөр БНМАУ Ангол улстай дипломат харилцаа тогтоов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1258 онд Хүлэгү хааны цэргүүд Багдад хотыг эзлэв.

1947 оны энэ өдөр Парист Дэлхийн хоёрдугаар дайнд ялсан орнууд болон Гитлерийн Германы холбоотон байсан улсуудын хооронд энхийн гэрээ байгуулжээ. Гэрээ 1947 оны есдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхлэв.

1992 оны энэ өдөр АНУ-ын агаарын цэргийн хүчин тус улсын хүмүүнлэгийн тусламжийг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд руу хүргэж эхэлжээ. Үүнийг түүхэнд “Provide Hope” ажиллагаа гэж нэрлэдэг.

1995 оны энэ өдөр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад энх тайван, тогтвортой байдлыг хадгалах санамж бичиг байгуулжээ.

2005 оны энэ өдөр БНАСАУ-ын Гадаад хэргийн яам тус улс цөмийн зэвсэг бүтээснийг анх удаагаа нээлттэй зарлажээ.

2006 оны энэ өдөр Туринд өвлийн XX олимпын нээлт болов.

2009 онд Дэлхийн тойрог замд сансар судлалын түүхэнд анх удаа хоёр хиймэл дагуул мөргөлдөв.

Билгийн тооллын 13. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top