ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 07

Өнөөдөр 2025.02.07. Энэ оны 38 дахь өдөр бөгөөд он дуусахад 327 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 11 минутад мандаж, 18 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 31 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гренадад Тусгаар тогтнолын өдөр бол АНУ-д ХДХВ /ДОХ/-оос урьдчилан сэргийлэх үндэсний өдөр.

Энэ өдөр Хятадын сүүлчийн эзэн хаан Пу И, Германы зохиолч, детектив романуудаараа алдартай Дорис Герке, Америкийн жүжигчин, Эммигийн дөрвөн удаагийн шагналт Жэймс Спейдер, жүжигчин Крис Рок, Эштон Катчер, солонгос гаралтай Оросын дуучин Анита Цой, Канадын сагсан бөмбөгч, NBA-гийн түүхэн дэх шилдэг тоглогчдын нэг Стив Нэш зэрэг алдартны мэндэлсэн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1956 оны энэ өдөр БНМАУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчдийн нөхөрсөг байдалд болсон хэлэлцээний үр дүнд БНМАУ, БНХАУ-ын хооронд 1956 онд харилцан бараа нийлүүлэх тухай протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.

1972 оны энэ өдөр Улсын тэргүүний ухуулагч, суртал нэвтрүүлэгчдийн зөвлөгөөн болжээ.

2014 оны энэ өдөр ОХУ-ын Сочи хотод нээлтээ хийсэн өвлийн олимпод Монгол Улсаас гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар оролцов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1238 онд Бат хааны цэргүүд Владимирыг эзлэв

1940 оны энэ өдөр Уолт Диснейн хоёр дахь бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино “Пиноккио” нээлтээ хийв. Энэ бүтээл “Оскар”-ын хоёр ч шагналын эзэн болсон юм.

1974 оны энэ өдөр Гренада тусгаар улс болов.

1998 оны энэ өдөр Японы Нагано хотод өвлийн XVIII олимпын нээлт болжээ.

2010 оны энэ өдөр Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Виктор Янукович Юлия Тимошенког ялав.

2014 оны энэ өдөр ОХУ-ын Сочи хотод өвлийн XXII олимп нээлтээ хийв.

Билгийн тооллын 10. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эрч хүч ихэснэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top