Өмнөд Солонгост агаарын тээврийн компани дахин нисэх онгоцны осол гарахаас урьдчилсан сэргийлж чаджээ.
Тус улсын Asiana Airlines компанийн OZ766 нислэг Тайландын Чианг Май олон улсын нисэх онгоцны буудлаас Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд буухаар энэ сарын 25-ны өдрийн 12:25 минутад хөөрөх ёстой байсан. Зорчигчид суудалдаа суун, хөөрөх зурвас дээр хөөрөхөөс өмнөх бэлтгэл хийж байх үед нэгэн зорчигч хөдөлгүүрийн ойролцоох хэсгээс оч үсэрч байгааг анзаарч, холбогдох хүмүүст мэдээлсэн байна.
Тус онгоцонд нийт 270 зорчигч байсан ба зорчигчдыг нэн даруй онгоцноос буулгаж, ойролцоох зочид буудалд буулган тухайн өдрийн 16:55 цагт нисэх өөр онгоцонд суулгахаар болжээ.
Asiana Airlines компанийн хэвлэлийн төлөөлөгч "Одоогоор бид хөдөлгүүрийн эвдрэлийн хэмжээг судалж байна. Зорчигчдод төвөг учруулсандаа хүлцэл өчье" гэжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Өмнөд Солонгосын Чежү Эйр компанийн 2216 дугаарын нислэг осолдож 179 хүн амиа алдсан билээ. Үүнээс хойш тус улсын агаарын тээврийн компаниуд нисэх онгоцнуудынхаа эвдрэл гэмтлыг шалган, сонор сэрэмжээ нэмэгдүүлэн ажиллаж эхэлжээ.
Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Муан нисэх онгоцны буудлын локализаторын засварын ажлыг хариуцаж байсан Korea Airports Corp-ын дарга гэртээ нас барсан байдалтай олдсон байна.
Сэтгэгдэл ( 2 )
Со нар нэг юм эвгүйдмэгц л амиа хорлочих бололтой юмаа
Энэ улс нэг л бишээ. Ном хөгжөөх болжээ. Олон золгүй явдал ойр ойрхон болоод байна шүү. Манайхаан мэдээтэй байгаарай...