Өсвөрийн балетчид "World Ballet Grand Prix Tokyо" уралдааныг зорилоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 01 сарын 21

"Монголын балетын хөгжил сан"-гийн дэргэдэх Монголын үндэсний балетын сургуулийн 25 сурагч гурван багшийн хамт "World Ballet Grand Prix Tokyо" уралдаанд оролцохоор Японы Токио хотноо очоод байна.

"World Ballet Grand Prix Tokyо" нэгдүгээр сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Токио хотын “Митака Сити Холл”-д болох ба "Монголын балетын хөгжил сан"-гийн тэргүүн, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг Олон улсын шүүгчээр оролцоно.

ЮНЕСКО-гийн FIBC (Federacion Internationale de Ballet Competitions) болон Олон Улсын балетын "Шорюү" нэгдэл хамтран уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн 39 орны балетчид оролцож байна.

Багийн хоёр, гоцлол дөрвөн үзүүлбэртэйгээр уралдааныг зорьсон сурагчид өнөөдөр Нэгдүгээр шатны шалгаруулалтдаа оролцож, Олон улсын сургалтад хамрагдлаа.

Монголын балетчин охидын дасгалжуулагчаар Монголын үндэсний балетын сургуулийн багш Ч.Ганчимэг, Ц.Жаргалан, Т.Энхсүрэн нар ажиллаж байна.

Дэлхийн улс орнуудын дундаас соёлын харилцаа, соёлын солилцоог эрчимжүүлэх, балет, бүжгийн урлагийг хөгжүүлэх Олон Улсын төсөл, хөтөлбөрүүдэд Норвеги, Сингапур, Итали, БНСУ, АНУ, Испани, ОХУ, Болгар зэрэг улсууд идэвхтэй оролцдог бол Монгол Улсын оролцоо, идэвх сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолжээ.

Тухайлбал, Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид 2024 онд "World Ballet Grand Prix Tokyо" тэмцээний бүх төрөлд алтан медаль хүртэн, өндөр амжилт үзүүлж байсан юм.

Тэмцээнд оролцож буй хүүхдүүддээ амжилт хүсье.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top