Жүжигчин Сун Хе Гю "Dark Nuns" кинонд бүтээсэн дүрдээ орохын тулд тамхи татаж сурсан тухайгаа ярьжээ.
Тус киноны хэвлэлийн бага хурал өнөөдөр Сөүлийн Ганнам дахь Megabox Coex-д болж өнгөрлөө. Хэвлэлийн бага хуралд тус киноны найруулагч Гвон Хёг Жэ болон жүжигчин Сун Хе Гю, Жон Еэ Бин, И Жин Үг, Мүн Ү Жин нар оролцжээ.
Тус кинонд муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүүг аврахын тулд хориотой зан үйл үйлдэж буй хүмүүсийн тухай өгүүлдэг бөгөөд Сун Хе Гю бүхий л хүчээрээ тэмцэж буй Юниа гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн байна. Тус дүрийг бүтээсэн тухайгаа Сун Хе Гю "Би маш их сандарч байна. Энэ кино миний хувьд маш их хөдөлмөр зарцуулсан кинонуудын нэг. Тиймээс сайн үр дүн гарна гэж найдаж байна. Би анх удаа л кинонд тамхи татаж буй дүр бүтээж байна. Үүндээ маш их санаа зовж байсан. Тамхи татдаггүй болохоор яаж хийхээ ч мэдэхгүй байсан ч дүрийнхээ тухай бодоод энэ бол маш чухал хэсэг болохыг ойлгосон. Тиймээс энэ надад тийм ч сайн зүйл биш хэдий ч би зураг авалт эхлэхээс зургаан сарын өмнөөс тамхи татах сургуулилт хийж эхэлсэн. Эхний үзэгдэл тамхи татаж буйгаар эхэлдэг. Энэ нь маш чухал зураглал учраас би үүнийг хуурамчаар үзүүлэхийг хүсээгүй. Зураг авалтын үеэр би жүжиглэлтээ анхаарал хандуулахаас гадна тамхи татаж сурахын тулд маш их дасгал хийсэн" хэмээн ярьсан байна.
Тус кино энэ сарын 24-ны өдөр албан ёсоор нээлтээ хийнэ. Нээлтийн тов зарлагдаж, урьдчилсан захиалга нээгдсэн даруйд 91,548 гаруй тасалбар худалдаалагдаж урьдчилсан захиалгын тоогоороо тэргүүлээд буй тус киноны нэгдүгээр анги 2015 онд "The Priests" нэртэйгээр гарч байжээ. Тус кинонд муу ёрын сүнс зайлуулж буй санаваартнуудын тухай гардаг бол энэ удаагийн "Dark Nuns" кинонд муу ёрын сүнс зайлуулж буй гэлэнмаа нарын тухай өгүүлдгээрээ онцлог аж.
Сэтгэгдэл ( 0 )