WEEK in BRIEF I The MongolZ Ази тивд түүх бүтээж, В.Путин ТАВ ДАХЬ удаагаа сонгогдлоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 23

Мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй долоо хоногт дэлхийд болон дотооддоо болж өнгөрсөн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.


-16 настай Mzinho-гийн дайралт буюу The MongolZ Ази тивд түүх бүтээлээ-

 

Дани улсад болж байгаа “PGL Copenhagen Major-2024” буюу Counter Strike (CS) 2 төрлийн Дэлхийн аваргад Монголын "The MongolZ" баг шилдэг 16 багийн нэгээр шалгарлаа. 

Ази тивийг төлөөлөн оролцож буй "The MongolZ" баг 2024.03.20 өдөр тав дахь тоглолтоо буюу дэлхийн аваргын “тулаан”-ы 2-2 хасагдах шатны тоглолтод Бразилын Legacy багийн эсрэг ялалт байгууллаа.  (Ancient 13-9, Anubis 13-6) 

“The MongolZ”-ынхон Legacy-г 2:0 харьцаатайгаар буулган авч, түүхэндээ анх удаагаа Мэйжорын хасагдах шатанд шалгарч байгаа нь энэ юм. Энэ амжилт нь тэднийг Монголын төдийгүй Мэйжорын 3 слот авчирсан Ази тивийн анхны баг болгож байна. 

CS2-ын хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024"-д дэлхийн шилдэг 24 баг оролцож байгаа бөгөөд Монголын "The MongolZ" баг Ази тивийн төлөөлөл болон оролцож байгаа юм. 

Ийнхүү Монгол баг дэлхийн аваргын "Elimination Stage" буюу хуучнаар "Legends Stage" хасагдах шатанд анх удаа тоглохоор болсон бол Бразилын баг тэмцээнээ өндөрлүүллээ.

Тус тоглолтод Дэлхийн аваргад оролцож буй хамгийн залуу тоглогч, "The Mongolz"-ын 16 настай "Mzinho" буюу Б.Аюуш 36-24 K-D болон 87.8 ADR-тайгаар багаа тэргүүлжээ.

2018 оноос хойшхи “Major Top 16”-д орсон Азийн анхны багаар тодроод байгаа "The MongolZ"-ыг цахим спортын мэргэжилтнүүд тивийнхээ, бүс нутгийнхаа түүхийг бүтээж байгааг онцолж, "Цахим спортын ирээдүй" хэмээн шуугиж байна.  

 

-Тэтгэвэр нэмэх төсөл дэмжигдэж, дундаж тэтгэвэр 785.6 мянган төгрөг боллоо-

 

Өнөөдөр /2024.03.20/ Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Засгийн газрын хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай төсөл дэмжигдлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон зөвхөн цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Үүнд 449.2 мянган тэтгэвэр авагч хамрагдах бөгөөд төгрөг үүнд 449.3 тэрбум төгрөг зарцуулна. Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдсэнээр дундаж тэтгэвэр 785.6 мянган төгрөг болно. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 100,000 төгрөгөөр нэмэгдэнэ.

Халамжийн тэтгэврийн тухайд НДС-гаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 65.6 мянган хүний тэтгэвэр нэмэгдэнэ.

16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авдаг 12.8 мянган хүүхэд байдаг. Тус тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарлаа. Ингэснээр тэтгэмжийн хэмжээ 375,000 төгрөг болно"  гэж мэдээллээ.

 

-ШҮҮХ: Хүн амины хэрэгтэн Б.Махбалын хэргийг хэрэгсэхгүй болголоо-

 

 

Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр /2024.03.22/ танилцууллаа. Энэхүү шүүх хурлын тоймыг бүрэн эхээр нь хүргэж байна. 


“Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Билгүүн, Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, Ч.Цоожсүрэн, С.Батзориг, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Б.Цэрэндаваа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, Г.Санжмятав, М.Цэлмэг, Г.Галсанням, Ц.Содхүү, Н.Батбаяр, О.Хуягцогт, О.Баяр, Б.Цолмон, Ц.Ууганбаяр, Д.Даваасамбуу, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Б.Баттөр нарын 48 хүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Б.Шинэбаатар, Э.Эрдэнэ, Ц.Баярсайхан, Г.Цолмон, Ц.Баатарбилэг, Х.Баттулга, Ш.Бүтэд, Н.Сүхболд, Т.Болдмаа, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Г.Батдорж, Я.Батцэцэг, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, П.Мягмардорж, Ё.Баатарбилэг нарын 32 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Хааны Харгуй” ХХК, “Инжир” ХХК, “Ган-Хүдэр Орд” ХХК-иудыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн.

Дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл болон хэргийн оролцогч нарын гаргасан нийт 36 давж заалдах гомдлуудаар прокурор, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөгч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч зэрэг нийт 134 оролцогчийг оролцуулан Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 22-ны өдөр хүртэлх хугацаанд хянан хэлэлцэж дараах байдлаар шийдвэр гаргалаа.

Анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийн зарим хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36, 37 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй, хэргийн талаар тогтоосон байдал, түүний гэм бурууг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулгыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч нарын саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бүрэн хийгээгүй, харилцан зөрүүтэй нотлох баримтыг үгүйсгэж няцаагаагүй зэрэг нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилсөн, хүчингүй болгосон, зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах, зарим шүүгдэгчид холбогдох хэргийг хүчингүй болгож, дахин шийдвэрлэх, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Тодруулбал, анхан шатны шүүх нэр бүхий 48 хүнийг цагаатгаж шийдвэрлэснээс Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Ч.Цоожсүрэн, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Цэрэндаваа, Г.Санжмятав, М.Цэлмэг, Ц.Содхүү, Н.Батбаяр, Б.Цолмон, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 27 хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж,

32 шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоноос шүүгдэгч Л.Аззаяа, Б.Шинэбаатар, Ц.Баярсайхан, Х.Баттулга, Т.Болдмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Я.Батцэцэг, Л.Ням-Очир нарын 10 хүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Сүхболдод холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

шүүгдэгч хуулийн этгээд болох “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны Харгуй” ХХК-иудыг гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулсныг хэвээр үлдээж,

шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Г.Батдорж, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж нарыг гэм буруутайд, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК-ийг гэм буруутайд тооцсоныг, мөн “Модун” ХХК“, Комплант” ХХК-нд холбогдох хэргийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч Б.Баттөр, Ж.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг тусгаарлан прокурорт буцаасан болно.

 

-В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ТАВ ДАХЬ удаагаа сонгогдлоо-

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж, даваа гарагт Сонгуулийн хороо албан ёсны дүнг зарлалаа. Владимир Путин сонгогчдын 87.28 хувийн саналаар ялалт байгуулав. Түүнтэй өрсөлдсөн Николай Харитонов 4.2 хувь, Владислав Даванков 3.8 хувь, Леонид Слуцкий 3.1 хувийн саналыг авчээ. Владимир Путин рекорд тогтоосон 87.28 хувийн дэмжлэгийг аван ОХУ-ын Ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдлоо. Сонгуулийн ирц 77.44 хувьтай байжээ. В.Путин Чеченьд хамгийн өндөр дэмжлэгийг авсан бол Омскт Оросын бусад муж улсаасаа хамгийн бага дэмжлэгийг авсан байна. Владимир Путины өрсөлдөгч нар нийт дүнгээрээ 12 хувиас бага санал авчээ. Путинд хамгийн олон хүн саналаа өгсөн Чеченьд гэхэд тус улсын иргэдийн 98.99 хувь нь одоогийн Ерөнхийлөгчөө дэмжсэн байна. Мөн Кемерово мужид иргэдийн 95.73 хувь, Тувад 95.37 хувь нь Путиныг дэмжсэн байна. Москвад тэрбээр оршин суугчдын 85.57 хувийн саналыг авчээ. Тэгвэл 25 мянга гаруй саналын хуудсыг хүчингүйд тооцсон байна. Хойд хөршийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр үр дүн нь тодорхой буюу В.Путин ялалт байгуулах нь тодорхой байсан сонгуулийг иргэд эсэргүүцэж, саналын хайрцгийг дэлбэлэх гэж оролдох, будаг асгах зэрэг үйлдэл гаргасан тохиолдол гарчээ.

 

-Э.Цэндбаатар ОЛИМПЫН ЭРХИЙН тэмцээнд оролцоно-

 

 

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Парисын олимпод эх орноо төлөөлөн оролцох боломж олгохыг хүсэж, Монголын боксын холбоонд хандсан билээ. МУГТ Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандан олимпын эрхийн тэмцээний сорилд 63.5 кг жинд оролцох хүсэлтийг гаргасан билээ.

Тус хүсэлтийг Монголын боксын холбоо хүлээн авч, Олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулах шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар Монголын Боксын холбооны дэд Ерөнхийлөгч Х.Ууганбаяр "Бид бүхэн энэ асуудлыг нэлээн олон талаас нь зөвлөж байгаад ямар ч байсан энэ удаа МУГТ Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч, Тайланд улсад болох олимпын эрх олгох сорил тэмцээнд оролцуулъя гэсэн шийдвэр гаргаад байна" гэв. 

Сорилын тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо 2024 оны 5 дугаар сарын 23-наас 6 дугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагдана. Тус тэмцээнээс 45-51 тамирчин (20-23 эмэгтэй, 25-28 эрэгтэй) олимпод оролцох эрх авах аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top