WEEK in BRIEF I Намууд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, иргэн бүр ипотекийн зээл авах боломжтой болов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 04

Мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй долоо хоногт дэлхий нийтэд  болон дотоодод болж өнгөрсөн онцлох үйл явдлын ээлжит тоймыг хүргэж байна.

-СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ТУХАЙГАА 26 НАМ, ХОЁР ЭВСЭЛ ИЛЭРХИЙЛЭВ-

УИХ-ын сонгуулийн цаглавар ёсоор 2024 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд энэ дөрөвдүгээрт сарын 26 ,27, 28-нд СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ гардуулан өгөв. Дөрөвдүгээр сарын 26 Эх орончдын нэгдсэн нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам, МНН-МҮАН-ын “Үндэсний эвсэл”, Их Эв нам, Иргэний зориг ногоон нам, Ард түмний Олонхын Засаглал нам, Бүгд найрамдах нам хүсэлтээ гардуулсан бол 27-ны бямба гарагт ХҮН нам, Монголын либерал ардчилсан нам, Монголын либерал нам, Иргэний хөдөлгөөний нам, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам тус тус хүсэлтээ өгчээ.

Төгсгөлийн өдөр буюу 28-ны ням гарагт МАН, АН, Социал демократ нам, ШИНЭН- Монголын Уламжлалын нэгдсэн намын “Шинэ нэгдсэн эвсэл”, Монголын Консерватив нам,  Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба зөв нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний хүч нам, Эх орон нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/, Монгол Шинэчлэлт нам тус тус сонгуульд оролцохоо илэрхийлжээ.

Харин өмнө нь Үндэсний аудитын газарт сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хүргүүлсэн Зүй ёс нам СЕХ-нд сонгуульд оролцохоо илэрхийлсэнгүй.

Ийнхүү өмнө нь 27 нам, хоёр эвсэл Үндэсний аудитын газарт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн бол СЕХ-нд 26 нам, хоёр эвсэл УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоо илэрхийллээ.

Эдгээр 28 субъект дээр бие даагчид нэмэгдээд 29 субъект УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь бараг тодорхой болж байна. СЕХ-ны хуралдаанаар тав хоногт багтаан эдгээр нам, эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэх эсэхээ шийдвэрлэх юм.

-ШААРДЛАГА ХАНГАСАН ИРГЭН БҮР ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО-

Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж нэрлэж болох тогтоол батлагдлаа. Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр баталсан тогтоолоор Монголын ард түмэн баялагтаа эзэн болох боломж бүрдэж байна. УИХ-ын баталсан Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван сангаас бүрдэж байгаа. Хуримтлалын сангийн хөрөнгөтэй холбоотой шийдвэр гаргасан. Энэ санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэгтэй "Эрдэнэс Монгол” компанид байгаа 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг орон сууцны ипотект шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Монгол Улс ипотекийн зээлд хамгийн ихдээ жилд 700 тэрбумыг гаргаж байсан. Харин одоо Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд гаргаснаар ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болно. Арилжааны банкнууд 200 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээс гаргах бол Монголбанк 500 тэрбум, Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг гарч байгаа юм.

Банкнуудаас судалгаа авахад 17 мянган иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгсөн нь судлагдаж байна. Ипотекийн зээлийн санхүүжилтэд 1.2 их наяд төгрөг гаргах учраас банкны шалгуураа хангасан 10 мянга гаруй иргэн орон сууцтай болох боломжтой болж байна.

Ирэх даваа гарагаас Монголбанк дахь дээр эхний гүйлгээ хийгдэнэ. Монголбанк удирдаад банкууддаа хуваарилалтаа хийгээд явна" гэлээ.

-ГАВЛУУЛЖ ДӨНГӨЛҮҮЛСЭН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ-

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр тэмдэглэдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 31 дэх жилдээ тэмдэглэлээ.

Олон улсын Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргасан мэдээгээр Монгол Улс чөлөөт хэвлэл мэдээллийн үзүүлэлтээр 2021 онд 71.08 оноогоор 68 дугаар байрт явснаа 2022 онд 59.17 оноо авч 90 рүү урууджээ. Дэлхийн 180 орны  гол дунд, дээшлэхээсээ илүүтэй уруудах замдаа явна.

МУИС-иас өнгөрсөн жил гаргасан судалгаагаар 2019-2022 оны хооронд 35 сэтгүүлч ял авчээ.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын мэдээллээр 2019-2023 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13,14 дүгээр зүйл ангиар 301 сэтгүүлчтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдэн 199-ийг нь шалгаснаас 146-г хэрэгсэхгүй болгож есөн хэргийг нэгтгэн долоог шүүхэд шилжүүлжээ. 2020-2021 онд МСНЭ-д таван сэтгүүлчийн бие махбодод халдсан тухай гомдол ирснийг хуулийн байгууллага эрүүгийн хэрэг нээхээс татгалзан хэргийг хаажээ. Энэ нь иргэдийн мэдэх эрхийн төлөө явсан сэтгүүлчдийн талд бус, тэдний эрхэд халдагсдын талд үйлчилсэн гэсэн үг. 2021-2023 онд Хүний эрхийн үндэсний комисс хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой 14, жагсаал цуглаан хийх эрхтэй холбоотой 22, мэдээлэл хайх, хүлээн авахтай холбоотой 10 гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ. 

Сэтгүүлчдийн амыг хамхиснаар нийгэмд юу ирэх вэ? Иргэд эрх мэдэлтнүүдийн хийж буй хууль бус бүхнийг мэдэх суваггүй болно. Дээр юу болж буйг зөвхөн цензуртай, гоёж гоодсон, амьдрал сайхан байгаа гэсэн мэдээгээр авч чихээ таглуулна. Мэргэжлийн сэтгүүлчид нь сошиалчдаас ялгарч үнэн бодит мэдээллийг олонд түгээн нийгмийг түүчээлж явах цаг хэзээ хэзээнээс илүү болсныг, нийтийн мэдэх эрхийн төлөө дуугарах амаа хамхиулахгүйн төлөө, нийтлэл, нэвтрүүлгээ хаалгахгүйн төлөө Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Монголын сэтгүүлчид нийслэлийн төв талбай дээр нийлж нэгдэн үгээ хэлэхээр ийнхүү цугларлаа.

-ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 5.03%-ИАР БУУРЧ, $5 ТЭРБУМААС УРУУДЛАА-

Гадаад валютын улсын нөөц 2024 оны гуравдугаар сарын эцэст 5,249.82 сая ам.долларт хүрээд байсан бол дөрөвдүгээр сарын эцсээр 4,985.58 сая ам.доллар болж 5.03%-иар буурчээ.

Сануулахад,  Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1 тэрбум юанийн төлбөрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр хийсэн.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, Монгол Улсын гадаад өрийн эргэн төлөлтийн хуваариас харахад 2026 он хүртэл том дүнтэй гадаад эргэн төлөлт байхгүй.

Засгийн газраас гадаад өрийн стратегийн хүрээнд эргэн төлөлтийн ачаалал цаг хугацааны хувьд давхцахгүй байх, дахин санхүүжилтийн нөхцөл нэмж муудахгүй байхад ихээхэн анхаарсан. Ийнхүү гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлт богино хугацаандаа байхгүй гэдэг нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд ирэх дарамт бага гэсэн үг. Энэ нь, валютын нөөцийн хүрэлцээ өндөр түвшиндээ хадгалагдах, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байхад эерэг нөлөө үзүүлнэ гэсэн юм.

-ТУРК УЛС ИЗРАИЛТАЙ ХИЙХ ХУДАЛДААГАА БҮРЭН ЗОГСООЛОО-

Турк улс Израилтай бүх худалдааны харилцаагаа пүрэв гарагаас /2024.05.02/ эхлэн зогсоосон тухай Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ Анкара энэ шийдвэрийнхээ тухай албан ёсоор мэдэгдээгүй байна.

Статистик мэдээллээс үзвэл, 2023 онд хоёр улсын худалдааны нийт эргэлт 6.8 тэрбум ам.долларт хүрснээс 76 хувийг нь Туркийн экспорт эзэлж байжээ.

Израилын Гадаад хэргийн сайд Исраэл Кац Х сүлжээнд “Анкарагийн шийдвэр нь Туркийн ард түмэн, бизнесийн эрх ашгийг уландаа гишгэж, олон улсын худалдааны хэлэлцээртэй харшилж байна” гэж бичжээ. Израил Туркийг орлох нийлүүлэгчдийг олж, эх орны үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэж Кац мэдэгдсэн байна.

-ТАВДУГААР САРД ХҮЧТЭЙ СОРОНЗОН ШУУРГА ХЭД ХЭДЭН УДАА ТОХИОНО-

Энэ сард хүчтэй соронзон шуурга хэд хэдэн удаа тохионо гэж одон орон судлаачид анхааруулжээ.

2023 онд наран дээр 292 дэлбэрэлт бүртгэгдсэн ба дэлхийд 537 удаагийн соронзон шуурга үүсжээ.

2024 онд нарны идэвхжил оргил цэгтээ хүрнэ гэж одон орон судлаачид үзэж байна.

Нарны идэвхжилийн мөчлөг 9-14 жил байдаг ба хамгийн сүүлд нарны идэвхжил 2013 онд оргил цэгтээ хүрч байжээ. Дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-нд наран дээр болсон хүчтэй дэлбэрэлт дэлхий дээр хүчтэй соронзон шуурга дэгдээгээд байгаа ба энэ сарын сүүлээр мөн дэлхийн соронзон оронд хүчтэй өөрчлөлтүүд мэдрэгдэх гэнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.69) 2024 оны 05 сарын 04

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Top